Исландад галт уул дахин дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-03-17 10:39:15

РЕЙКЬЯВИК, 2024 оны гуравдугаар сарын 17 /BBC/. Рейкьянес хойгт галт уул дахин дэлбэрсний улмаас Исландын өмнөд хэсэгт өнгөрсөн 12 дугаар сараас хойш дөрөв дэх удаагаа онцгой байдал зарлажээ.


Галт уулын дэлбэрэлтийн улмаас Гриндавик хотын оршин суугчид болон жуулчдын очих дуртай газруудын нэг болох “Блью Лагун” халуун рашаан сувиллын газарт байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.


Исландын агаарын орон зай нээлттэй хэвээр байна. Тус улсын иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр, галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар бямба гаргийн 20:00 цагийн орчимд Гриндавикийн хойд хэсэгт болсон бөгөөд 12 дугаар сарын 8-нд болсон дэлбэрэлттэй ойролцоо газар болжээ.


Рейкьянесийн хойг нь 2021 оны гуравдугаар сар хүртэл 800 жилийн турш галт уулын идэвхжлийн хувьд унтаа бүсэд тооцогдож байсан юм. Түүнээс хойш 2022 оны наймдугаар сард, 2023 оны 7, 12-р сард, 2024 оны 1, 2 дугаар сард галт уул дэлбэрчээ. Эдгээр дэлбэрэлт нь Исландад галт уулын идэвхжлийн шинэ эрин үе эхэлснийг харуулж байна гэж галт уул судлаачид үзэж байна.

Холбоотой мэдээ