Энэтхэгийн бүх нийтийн сонгууль ирэх сард эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-17 09:28:01

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны гуравдугаар сарын 17 /Reuters/. Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 19-нд эхэлнэ гэж тус улсын Сонгуулийн хорооноос бямба гарагт мэдэгдлээ. Дэлхийн хамгийн том бүх нийтийн сонгуульд нэг тэрбум орчим хүн санал өгөх эрхтэй байна. 


Сонгуулийн хорооноос мэдээлснээр, бүх нийтийн сонгуулийн санал хураалтыг зургаан долоо хоногийн турш долоон үе шаттайгаар явуулж, сонгуулийн дүнг зургадугаар сарын 4-нд танилцуулах ажээ. Улсын хэмжээнд 960 сая гаруй хүн санал өгөх нэг сая гаруй сонгуулийн хэсэг байгуулна.


Эрх баригч Бхаратия Жаната нам өмнөх 2019 оны бүх нийтийн сонгуулиар олонхын суудал авсан юм. Тус намыг Ерөнхий сайд Нарендра Моди удирдаж байгаа бөгөөд тэрбээр улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Ерөнхий сайд мөн дэлхийн өмнөд гэж нэрлэгддэг хөгжиж буй орнуудын гол удирдагчдын нэг болохын хувьд олон улсын бага хурлыг даргалж, Энэтхэгийн дипломат нөлөөг нэмэгдүүлсэн байна. 


Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Н.Модигийн нам парламентад олонхын суудлаа хадгалах магадлалтай байна. Харин сөрөг хүчний намуудын зүгээс Н.Модиг шүүмжилж, түүний засаглалын үед эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрсэн гэж үзэж байна. Тэд мөн хиндү үндсэрхэг үзэлтнүүдийн дэмжигч Ерөнхий сайдыг шашны хагарал үүсгэсэн гэж буруутгаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ