Дэд бүтцийг санхүүжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-16 08:34:39

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Даваажаргал нар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.


“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр байгуулсан санамж бичгийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, нийслэлийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэх, хөрөнгө оруулалтын бодлогыг ил тод, засаглал сайтай байлгахад дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн үр ашигтай харилцааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 


“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК нь 2015 онд байгуулагдсанМонголд үйл ажиллагаа явуулж буй албан ёсны арилжаа, тооцооны тусгай зөвшөөрөлтэй, анхны хувийн бирж юм. Цаашид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэх ажлыг шат дараалалтай хийж байгаа бөгөөд арилжааны 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж. 


Дээрх форумаар засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн билээ.



Холбоотой мэдээ