Унгарчууд дүрвэгчдийн квотыг зөвшөөрөх эсэхээ шийднэ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-02 16:46:45

ВЕНА./TASS/. Европын Холбооноос /ЕХ/ гаргасан дүрвэгчдийн квотын асуудлаарх бүх нийтийн санал асуулга өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 06:00 цагт /Улаанбаатарын цагаар 12:00/ Унгар улсын бүх хотуудад эхэллээ. Санал авах байрууд 19:00 цагт хаах юм.

Унгарын Үндэсний сонгуулийн комиссын дарга Илона Палфи-гийн мэдээлснээр, тус улсад бүртгэлтэй нийт 8,2 сая сонгогчоос 4,1 сая нь саналаа өгсөн тохиолдолд бүх нийтийн санал асуулгыг хүчин төгөлдөр болсонд тооцох ажээ.  

Санал асуулгад оролцогчид “Улсын хурлын /парламент/ зөвшөөрөлгүйгээр Унгарын иргэн биш хүмүүсийг Унгар улсад шилжүүлэн суурьшуулах шийдвэрийг Европын Холбоо гаргахыг та зөвшөөрөх үү?” гэсэн цорын ганц асуултад хариулах ёстой. Хэрвээ тэдний талаас дээш хувь “үгүй” гэж хариулбал ард нийтийн санал асуулга амжилттай болсон гэж тооцох юм.

Унгарын телевизээс явуулсан социологийн судалгааны дүнг харвал, унгарчуудын 70 орчим хувь нь ЕХ-ны квотын эсрэг санал өгөх төлөвтэй байна.

Дээрх санал асуулгын дүн нь Европын Холбооны дотор хууль эрхзүйн хувьд хүчинтэй биш юм. Гэсэн хэдий ч Унгарын засгийн газрын зүгээс Лиссабоны гэрээнд тусгасан цагаачлалыг зохицуулах талаарх заалтуудыг хасахыг шаардах эрхтэй болох юм.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ