БАЯНХОНГОР: Хангайн сумдад малын хорогдол их гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-13 16:38:58

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 4 сая гаруй толгой мал өвөлжиж, хаваржиж байна.


Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр /энэ сарын 10-ны өдрийн байдлаар/ аймгийн хэмжээнд Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант суманд төмөр буюу шилэн зудын, Бууцагаан, Жинст, Хүрээмарал, Баянбулаг, Өлзийт, Бөмбөгөр суманд цагаан зудын, Эрдэнэцогт, Шаргалжуут, Заг, Баянговь, Баянцагаан суманд цагаанаар зудархуу нөхцөл үүсжээ.


Цаг агаарын хүндрэлээс аймгийн хэмжээнд 115.915 толгой мал хорогдоод байгаа бөгөөд хангайн сумдад малын хорогдол ихээр гарч байна. Тодруулбал, Гурванбулагт 15908, Бөмбөгөрт 14441, Хүрээмаралд 11982, Галуутад 9983, Бууцагаан суманд 8988 толгой мал хорогджээ.


Аймгийн хэмжээнд өөрийн аймагт 133 өрхийн 52.621 толгой мал, өөр аймагт нийт 16 сумын 166 өрхийн 46.694 толгой мал, өөр аймгаас нийт гурван аймгийн 48 өрхийн 25.646 толгой мал тус тус отроор хаваржиж байна. Мөн гурван аймгийн 28139 толгой тавиул мал байгааг тооцвол аймгийн хэмжээнд гадны аймаг сумаас 53785 толгой мал хаваржиж байна.


Ташрамд, Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр Гурванбулаг 27см, Байдраг 14 см, Галуут 12 см, Бөмбөгөр, Баянбулаг 8 см, Бууцагаан Хүрээмарал, 5 см, Бодь, Эрдэнэцогт 4 см, Шаргалжуут 3 см, Шинэжинст, Баацагаан 1 см цастай байна.

Холбоотой мэдээ