Төв номын сан 70 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-02 07:04:52

Орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 95 жил, Өвөрхангай аймгийн Төв номын сан байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Тус байгууллагын хамт олон ойн баяраа нийт уншигчдынхаа хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ үеэр түүхт 70 жилийнхээ ойд зориулсан “Номын гэгээ цацарсан их өргөө” номын нээлтийг хийж, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, номын баатруудын үзүүлэх тоглолт, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, “Соёл урлагийн ажилтнуудын спортын бэсрэг наадам” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Үлгэрийн баатар амилсан нь” дүрийн тоглолт, гар зургийн уралдаан, иргэдийн дунд “Ургийн бичгийг хэн сайн хөтөлж байна вэ?” уралдааныг тус тус зохион байгуулсан юм.

Тус номын сан нь 1946 оны 7 дугаар сард  аймгийн Гэгээрлийн хэлтсийн харьяанд “Бага хурлын номын сан” нэртэйгээр нэг орон тоотой 185 нэр төрлийн 1300  орчим номтой анх байгуулагдаж, хүн ардыг соён гэгээрүүлэх ажлын эхлэл тавигджээ.

Өдгөө 46 мянга гаруй ном хэвлэлтэй бөгөөд насанд хүрэгчдийн, хүүхдийн, интернет, гэрээр ном олгох гэсэн 4 танхимаар жилдээ 2300 гаруй уншигч үйлчлүүлж байна. Аймгийн Засаг даргын 2013 оны 59-р  захирамжаар аймгийн төв номын санг Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит болгосон. Өнгөрөгч жилд “Lib4U програм”-ыг нэвтрүүлснээр интернэт болон дотоод сүлжээгээр уншигчдад ном, хэвлэлийг ашиглуулах боломж бүрдсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ