ХОВД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-11 17:56:27

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/  Ховд аймгийн хэмжээнд 3000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий.  

Эдгээр иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байрны саадгүй, ээлтэй орчин бүрдүүлэх зорилго бүхий ажлууд орон нутагт үе шаттай хэрэгжиж байна.    

Энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэлээ.   

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-тэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)-ийн хүрээнд Ховд аймагт Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу дөрвөн өдөр зохион байгуулж байна.   

Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэхжүүлэх боломж хнэмэгдэх бөгөөд сургалтад оролцсон холбогдох байгууллагын 18 мэргэжилтэнд Ажлын байрны дадлагажуулагчийн гэрчилгээ олгох юм.   

Ажлын байрны дадлагажуулагч нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олох, ажлын байрны саадгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй ажиллана. 

Холбоотой мэдээ