Америк эмэгтэй Саудын Аравийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-10-01 15:50:03

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. 11/IX-ний халдлагын улмаас эр нөхрөө алдсан АНУ-ын иргэн эмэгтэй “Аль-Каида” террорист бүлэглэлийг дэмждэг хэмээн хардагдаж буй Саудын Арави улсын эрх баригчдын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Стефани Росс ДеCимон гэдэг энэ эмэгтэй Вашингтон хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Саудын Аравийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн хуулийн төслийг АНУ-ын Конгресс дэмжсэнээс хойш хоёр өдрийн дараа тэрбээр шүүхэд ханджээ.

Энэ эмэгтэйн нөхөр нь Америкийн Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан бөгөөд Пентагоны төв байр руу дайрсан нисэх онгоцонд сууж явжээ.

Хатагтай ДеСимон нэлээд их хэмжээний нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа бололтой.

Сануулан дурдахад, лхагва гарагт АНУ-ын Конгрессын хоёр танхим дээрх хуульд Ерөнхийлөгч Б.Обамагийн тавьсан хоригийг хүлээж аваагүй билээ. Саудын Аравийн эрх баригчид “Аль-Каида” бүлэглэлийн үйл ажиллагааг огт анзаараагүй мэт дүр эсгэж байсан нь 11/IX-ний өдрийн эмгэнэлт явдал болоход нөлөөлсөн гэх яриа АНУ-д ихэд тархсан юм.  

Үүний хариуд уг хуулийг батлахыг эсэргүүцэж буй Саудын Аравийн эрх баригчид АНУ-д байгаа олон зуун тэрбум долларын активыг нь шүүхийн шийдвэрээр битүүмжлэхээс болгоомжлон активаа худалдана гэж сүрдүүлж байсан юм.

АНУ-ын Сангийн яамны мэдээллээр, Саудын Аравийн эрх баригчдын эзэмшиж буй Америкийн өрийн бичгийн үнийн дүн 116,8 тэрбум долларт хүрчээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ