Олон улсын "ITB 2024" аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-07 10:10:58

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улс олон улсын "ITB 2024" аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна.


ХБНГУ-ын Берлин хотод энэ сарын 5-7-нд болж буй үзэсгэлэнд манай улсын аялал жуулчлалын 11 тур оператор компани оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэн адал явдалт аялал ба хариуцлагатай аялал жуулчлал, бизнес аялал, ажил мэргэжлийн төв-судалгаа, ажил, хэтийн төлөв, соёлын аялал жуулчлал, зочломтгой байдал, ITB шагнал, ITB MICE форум, LGBTQ+ аялал жуулчлал, тансаг зэрэглэлийн аялал - тансаг зэрэглэлийн гэр, эрүүл мэндийн аялал жуулчлал, аялал жуулчлалын технологи, залуусын аялал гэсэн танхимуудад улс орнууд сурталчилгаагаа хийж, хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгааг БОАЖЯ мэдээлэв.


Манай улс энэ үзэсгэлэнд 20 гаруй удаа оролцож байгаа юм. Европын орнуудаас ирэх жуулчдын урсгалыг татах зорилгоор МИАТ компани, “Grace A” ХХК, “Star Mongolia” ХХК, “New Juulchin Tours” ХК, “Juulchin Tours Mongolia” ХХК, “Tsolmon Travel” ХХК, “NoNa Travel Mongolia” ХХК, “Golden Gobi Tours & Expedition” ХХК, “Great Genghis Tours and Expeditions” ХХК, “Рагуса тур” ХХК, “Explore Mongolia Dulgun” ХХК, “Blue Silk Travel”, “Twin World” ХХК оролцсон байна.


Тус үзэсгэлэнг 1966 онд анх зохион байгуулахад 5 орны 9 оролцогчтой байсан бол 2019 онд 181 орны 10 мянган төлөөлөгч оролцсоноос харахад энэ нь эх орноо сурталчилдаг дэлхийн тэргүүлэгч аялал жуулчлалын мэдээлэл авах талбар болжээ.

 

Холбоотой мэдээ