Ташкентын “Их дуулга”-аас нэг хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-04 10:26:45

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Узбекистаны Ташкент хотноо жүдогийн цуврал “Их дуулга” ангиллын тэмцээн болж өндөрлөлөө.


Манай улсаас 14 тамирчин зодоглосноос эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Германы Маша Баллхаус, Мексикийн Паулина Мартинез, Киприйн Софиа Асвеста нарыг ялж, хэсгийн аварга болсон. Улмаар зооны аваргын төлөө дэвжээний эзэн Гульхаёо Жураевад ялагдав. Гэвч хүрэл медалийн төлөө Японы залуу жүдоч Кокоро Фүжиширог буулган авснаар шагналын тавцанд зогслоо.


Тус тэмцээнээс 23 орон ямар нэгэн байдлаар медаль хүртсэний ес нь алтан медальтай нутаг буцав. Нийт медалийн дүнгээр Франц гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл авсан амжилтаар тэргүүлсэн бол Япон, Узбекистан удааллаа. Тэгвэл Герман, Итали, Бельги, Хятад, Грек, Тажикистаны баг алтан медаль авсан байна. 


Монголын жүдо бөхийн баг нэг хүрэл, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар 17 дугаарт жагсав.




Холбоотой мэдээ