THAAD-ыг гольфын талбайд байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-30 14:41:12

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын зүгээс учруулж буй аюул заналхийллээс хамгаалах зорилго бүхий баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем буюу THAAD-ыг байрлуулах шинэ газар нь Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт орших гольфын талбай болжээ.

Сөүл хотоос зүүн урд зүгт 296 км-ийн зайд орших Сонжү хошуун дахь Сонсон зенитийн пуужингийн баазад THAAD системийг 2017 он гэхэд байрлуулж дуусгахаар Сөүл, Вашингтон хоёр тохиролцсоноос хойш хоёр сар 21 хоногийн дараа энэ шийдвэрийг баталлаа. 

Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдэхдээ “Сонжү хошууны албаны хүмүүсийн хүсэлтээр THAAD-ыг байрлуулах шинэ газрыг сонгох асуудлаар энэ сард уулзаж ярилцсан. Батлан хамгаалахын сайд Хан Мин Кү дээрх шийдвэрийг эрх баригч болон сөрөг хүчний намын удирдагчдад танилцуулсан” гэв.

Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийллийг сөрөн зогсохын тулд THAAD-ыг Өмнөд Солонгост байрлуулахаар Сөүл, Вашингтон хоёр өнгөрсөн долдугаар сард тохиролцсон юм.

Харин нутгийн оршин суугчид энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, THAAD-ын хүчтэй радар нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэн үүнийг өөр газарт байрлуулахыг шаардаж байгаа ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ