Цэцэг өвчний вакцинжуулалтад 1.53 сая хонь хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-30 14:18:43

Сүхбаатар аймгийн хэмжээнд 1.53 сая хонийг цэцэг өвчний вакцинжуулалтад хамруулснаар вакцинжуулалтын хувь 91,8-д хүрсэн байна.

Тус аймагт 10 удаагийн ээлжээр 1455,0 мянган тун вакцин нийлүүлэгдэж, эхний ээлжинд 1460 өрхийн 429,2 мянган хонь, 121,6 мянган хурга нийт 550,8 мянган малыг вакцинд хамруулсан байна. Сүүлийн ээлжийн вакцинжуулалтыг 980,0 мянган малд хийжээ.

Сүхбаатар аймаг малын гоц халдварт хонины цэцэг өвчний голомттой бүс нутаг  гэж үздэг. 2015 онд 5 сумын 7 голомтонд 50 хонь өвчилж байсан бол, өнгөрсөн 2016 онд нийт 11 сумын нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарч 69 голомтын 832 хонь хурга өвчилсөн байдаг. Тиймээс өвчний тархалтыг зогсоох, дахин гарахаас урьчилан сэргийлэх зорилгоор аймгийн засаг даргын А/165 тоот захирамжаар нийт малыг вакцинжуулалтанд хамруулах ажил хийж байгаа юм. Холбогдох газруудаас 1,7 сая толгой хонь, хургыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөн ажилласан байна.

Малын нэг удаагийн вакцинд оруулсанаар 18 сарын дархлаа үүсдэг байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ