Имазеки Тошико: Монголоор хамгийн анх “Баярлалаа” гэж хэлж сурсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-02-27 10:22:05

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг "Монголын сайхан бичигтэн” 27 дахь уралдаанаа анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулах, авьяас чадварыг нь олонд таниулах, монгол бичгээ өөрийн улс болон олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдаанд монголчуудаас гадна БНЧУ, Япон, БНХАУ-аас нийт 1650 хүн бичлэг, бүтээлээ сойсон юм. Тиймээс уралдааны долоон ангилал дээр анх удаа шинээр нэмсэн  "Гадаад улсын иргэдийн ангилал"-ынхан олны сонирхлыг ихэд татаж байсан тул тус ангилалд тэргүүн байр эзэлсэн, Япон улсын иргэн Имазеки Тошикотой цахимаар ярилцлаа. Тэрбээр "Чингис хааны энх тайвны бодлого" эсээг бийрээр бичиж оролцсон юм.


-Та монгол хэл сураад 2 жил 4 сар болж байгаагаа бидэнд бичсэн байсан. Харин монгол бичгийг ямар хугацаанд үзсэн бэ?

 

-Би монгол бичгийг 2 жил сурч байна. Анх монгол кириллийг сурсан маань монгол бичгээр суралцах эхлэл минь болсон. Үүний дараагаар, Япон улс дахь “Нутаг” монгол бичгийн сургалтад Б.Ариунаа багшийн удирдлага дор суралцсан. Одоо ч дугуйландаа суралцсаар байгаа. Цаг зав гарвал л монгол бичгээр бичээд л суучихдаг болсон.

Монгол хэл сурахад минь манай гэрт сууж байсан хоёр монгол оюутан голлон нөлөөлсөн. Оюутан солилцоогоор, манай улсад ирж суралцаж байсан С.Баасанхүү, Э.Тэмүүжин хоёр Японы Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийг төгсөж, одоо цэрэг эрсийн хувиар эх орноо хамгаалж яваа. Тэдний хувьд нөхөр, бид хоёр япон ээж, аав нь юм. С.Баасанхүү, Э.Тэмүүжин хоёр маань япон хэлээр маш сайн ярьдаг. Ирээдүйд Монгол, Японыг холбох бас нэгэн гүүр болно гэдэгт нь би итгэлтэй байдаг.

 

-Та өөрийнхөө тухай манай уншигчдад танилцуулж болох уу?

 

-Би энгийн л нэг гэрийн эзэгтэй. Би хоёр охинтой. Охид маань тус тусын амьдралаар Токиод амьдардаг. Одоо би нөхөртэйгөө хоёулаа гэртээ амьдарч байна.

 

- Танай гэрт сууж байсан монгол оюутнууд монгол хэл сурахад тань яаж нөлөөлсөн бэ. Одоо тэдэнтэй холбоо харилцаа байдаг уу?  

-Тийм ээ, бид байнга харилцаатай байдаг. С.Баасанхүү, Э.Тэмүүжин хоёр маань Японд ирэхээрээ уулзаад явдаг. Сая шинэ жилээр ирээд явахад нь маш их баярласан. Тэдний маань Монгол дахь амжилт нь намайг үргэлж урамшуулж байдаг. Надад анх кирилл монгол зааж, буруу зөрүүг маань хэлж өгч, сурах урам зоригийг тэд л өгдөг байсан юм.


-Ямар үгийг анх монголоор хэлж сурч байв?

-Хамгийн анх, монголоор хэлж сурсан үг бол “Баярлалаа”.

 

-Монгол бичгээр уншиж бичих ном хэрэглэгдэхүүн Японд хэр олдоцтой байдаг вэ?

 

-Японд монгол бичгийн уншиж бичих ном цөөхөн бий. Би 2 удаа Монгол руу аялсан. Тэгэхдээ худалдаж авсан номуудаа одоогоор ашиглаж байна. Мөн Монголд байгаа 2 оюутан маань над руу сурах бичгийн ном шуудангаар явуулчихдаг болохоор амар байдаг болсон .

 

- Монгол орны хаагуур аялж байв, сэтгэгдлээ хуваалцана уу, Монгол орны юуг үзэхсэн гэж хүсдэг вэ?

 

-Би Монголд хоёр удаа очихдоо Өмнөговь аймгаар аялсан. Бас Хустайн нуруу, Гачуурт, Манзуширын хийдэд очиж байсан. Монгол орны, эрт дээр үеэс тогтож үлдсэн үзэсгэлэнт сайхан байгалийг үзэхэд үнэхээр биширмээр санагдаж байсан. 

 

-Анх “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны тухай мэдээллийг хаанаас олж үзсэн бэ, уралдаанд оролцох шийдвэрийг хэрхэн гаргаж байв?


-Сонин дээр уралдааны тухай мэдээ гарсан байсныг монгол бичгийн багш минь надад хэлж, оролдоод үзэхийг зөвлөсөн. Монголын уламжлалт, босоо сайхан бичгээ хамгаалж, сурталчлах зорилгоор уралдааныг зохион байгуулсан нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Бас би бийрээр, үзгээр хичээнгүй бичих зэргээр, янз бүрийн төрлөөр бичих дуртай болохоор ч тэр үү, шууд л оролдоод үзье гэж шийдсэн. Тэгээд Чингис хаан болон түүнийг хүндлэн дээдэлдэг Монголын ард түмнийг бодож уралдааныхаа бүтээлийг бичсэн.


-Та эсээндээ, "Чингис хаан илбэн тохинуулсан газар орныхоо ч соёл, шашныг хүндэтгэж байсан нь дэлхийн олон соёл өнөөг хүртэл хадгалагдаж, хөгжин дэвшихэд үлэмж нөлөөг үзүүлсэн” гэсэн санааг хөндсөн байсан. Монголын түүх, монголчуудын бахархалт их хүний түүхтэй ч та хэрхэн танилцаж байв?


-Алунгоо эхийн таван сумын сургаалаар хүмүүжсэн Тэмүжин Чингис хаан эв нэгдэлтэй, эв эетэй байхын үнэ цэнийг гүн бат ухамсарласан хүн байсныг би уншсан. Тэгээд энэ тухай эсээндээ бичсэн. Би улс орны түүхийг мэдэх нь хоёр улсын найрамдалт харилцаанд маш чухал ач холбогдолтой гэж боддог.   




- "Монголын сайхан бичигтэн 2023" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морилон ирсэн. Таны шагналыг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүд гардуулсан. Элчин сайд шагналыг өөрийн биеэр, хүндэтгэлтэйгээр гардуулна гэж ярьсан байна билээ. Ер нь, уралдаанд тэргүүн байр эзэлсэн тухай мэдээлэл сэтгэл хөдөлгөм байсан болов уу. Гэр бүлийнхэн, найз нөхөд тань хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Би энэ мэдээг анх сонсоод итгээгүй. Гэхдээ хэсэг хормын дараа өөрийгөө “Маш азтай хүн гэж бодсон. Яагаад гэвэл, гэр бүлийнхэн минь болон хайртай дотны хүмүүс маань бүгд надад баяр хүргэж, хөл газарт хүрэлгүй баярласан. Нэгдүгээр сарын 11-нд болсон шагнал гардуулах ёслолд тодорхой шалтгааны улмаас очих боломжгүй байсандаа ч харамсаж байсан л даа. Харин Улаанбаатарт суугаа хоёр монгол оюутан маань миний бүтээлийг үзэхээр Монголын уран зургийн галерейд дэлгэсэн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зорьж очсон гэсэн. Ингэж хүртэл тусалж, итгэдэг, эргэн тойрныхоо бүх хүмүүст дахин дахин талархсанаа илэрхийлье. Та бүхэнд ч маш их баярлалаа. 



                                                                                               Имазеки Тошикогийн монгол бичлэг "Алс газар сурахаар явагч"

                                                     


                                                          "Монголын сайхан бичигтэн” 27 дахь уралдааны шилдэг 80 бүтээлийн үзэсгэлэнгээс



Холбоотой мэдээ