Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-02-26 14:44:53

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын уул уурхайн салбар болон бусад аж үйлдвэрийн салбарт ажилтан хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам АНУ-ын Хөдөлмөрийн яамтай хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбарын үйлдвэрлэл, олборлолт, баяжуулалт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа хэдий ч  тус салбарт гарч буй үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй байгаа аж.  Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод  нийт 408 хүн өртсөний 103 нь уул уурхай, олборлолтын салбарт бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн ослын 25,2 хувийг хамаарч байна. Ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 60 орчим хувь нь уналт, нуралт, өргөх, зөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаанаас, 20 гаруй хувь нь хаалт хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйл нөлөөлжээ.       


Санамж бичгийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хяналтын 81, 129 дүгээр конвенцод нэгдэн орох, уул уурхай, хүнд үйлдвэр болон аж үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт боловсруулах, хөдөлмөрийн хэвийн бус буюу газрын дор, хортой, халуун хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар олон улсын хууль, эрх зүйн зохицуулалтыг судлах, уул уурхайн салбарт зонхилон тохиолдож буй уушги тоосжих өвчний тандалт судалгаа хийж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмч мэргэжилтнүүд болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.


Манай улсын гуравдагч хөрш, стратегийн түнш болох АНУ-ын Хөдөлмөрийн яамтай уг санамж бичгийг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгнө гэж талууд үзэж байна. 


Санамж бичиг зурах ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч  Патрисиа Силви болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.       


Холбоотой мэдээ