Берлиний кино наадмын дээд шагналыг "Дахомей" баримтат кино хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-02-26 10:11:36

БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 26 /DW/. Энэ оны Берлиний кино наадмын дээд шагнал “Алтан баавгай”-г сенегал гаралтай Францын найруулагч Мати Диопын бүтээсэн “Дахомей” гэдэг баримтат кино хүртлээ.


Энэхүү кинонд 1892 онд колоничлогч гүрэн Францын цэргүүдийн авч явсан Дахомей улсын 26 ширхэг урлагийн бүтээлийг орчин үеийн Бенин улсад эргүүлэн өгч буй тухай өгүүлдэг. 


Өдгөө 41 настай М.Диоп шагналаа гардан авахдаа энэ асуудалд “шударга ёс тогтож”, урлагийн бүтээлүүдийг буцаан өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. DPA агентлагийн мэдээлснээр, 130 жилийн өмнө Бенинээс авч явсан 7000 орчим урлагийн бүтээл өнөөг хүртэл Францад хадгалагдаж байна. "Дахомей" кинонд хөндсөн чухал сэдвүүдийн нэг бол өнгөрснөөсөө ангижрах, өнгөрсний төлөө хариуцлага хүлээх явдал юм. 


74 дэх удаагийн Берлиний кино наадмын Гран-при шагналыг Өмнөд Солонгосын найруулагч Хон Сансүгийн бүтээсэн “A Traveler's Needs” кино, шүүгчдийн нэрэмжит шагналыг Бруно Дюмонтын "The Empire" кино хүртлээ.


“Мөнгөн баавгай” шагналыг румын гаралтай америк жүжигчин Себастьян Стан "A Different Man" кинонд бүтээсэн гол дүрээрээ, Британийн жүжигчин Эмили Ватсон "Small Things Like These" кинонд бүтээсэн туслах дүрээрээ тус тус хүртлээ. Мөн "Pepe" киног найруулсан Доминикан улсын найруулагч Нелсон Карло де Лос Сантос Ариас, мөн Германы найруулагч Маттиас Гласнер "Sterben" киногоороо “шилдэг кино зохиол” шагналыг хүртлээ.

Холбоотой мэдээ