БАЯН-ӨЛГИЙ: Скаутуудын майхантай уулзалт Баян-Өлгий аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-26 10:08:17

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын Скаутын холбооноос скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч хүүхэд, залуучуудын майхант цугларалт (жембори)-ыг 4 жилд 1 удаа зохион байгуулдаг.


Майхантай цугларалтын үеэр адал явдалт үйл ажиллагаа, спорт, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжлийн хотхон болон танин мэдэхүйн төвүүд ажиллаж хүүхэд, залуучуудад мэдлэг олгох аж. Мөн хүүхдүүд байгаль орчинтой дасан зохицож, 21 аймаг 9 дүүргээс ирсэн найзуудтайгаа хэд хоногийг хамт өнгөрүүлж, скаутын дадал, чадварыг эзэмшдэг. Сонирхолтой шинжлэх ухааны туршилтуудтай танилцан гал дээр өөрийн гараар хоол хийж иддэг онцлогтой.


Монголын Скаутын холбооноос "Үндэсний VII Жембори"-г ирэх долоодугаар сарын 22-27-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгуулах шийдвэр гаргажээ.


Скаутуудын 10 дахь удаагийн майхантай уулзалтыг Баян-Өлгий аймагт зохион байгуулснаар хүүхдүүд Монгол орноор тойрон аялж, казах үндэстний урлаг соёл, хоол, хувцас, аж ахуй амьдрал зэрэг олон төрлийн соёлтой танилцах боломж бүрдэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ