ДОРНОГОВЬ: Б.Хонгорзул: Манай компани ангилсан бүтээгдэхүүнээрээ анхдагч нь гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-23 15:30:06

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өдөр бүхэн шинэ, чанартай махаар хэрэглэгчдийг хангадаг нэгэн дэлгүүр Сайншанд хотод нээгдээд хэдийнээ олны танил болжээ. Ямар нэгэн бизнес  санаа гэдэг хэн нэгний хэлснээр ажил болохоос илүүтэй өдөр тутмын амьдралын түм буман үйл явдал дундаас урган гарч байдаг.

Хүний хэрэгцээнд нийцүүлэн махыг ангилан ялгаж, зориулалтын дагуу савлаж, хэрэглэгчдийн гарт хүргэх санааг сэдээд багагүй амжилт олж яваа бүсгүй бол “Говийн амт трейд” ХХК-ийн захирал Б.Хонгорзул юм.

Бэлчээрийн мал бол маш олон төрлийн ургамлыг өөрөө олж иддэгээрээ онцлогтой. Хүний биед хэрэгтэй витамин, амин дэмийг агуулсан говийн онцлог шингэсэн эрүүл малын махыг олон төрлөөр савлаад нас хүйс, эх сурвалж, гарал үүслийг нь тодорхойлон худалдаалдаг нь хэрэглэгчдийг найдвартай махаар хангах компанийн бодлого юм. Энэ ч хэрэглэгчдийн талархлыг хүлээжээ. Түүнтэй  хөөрөлдсөнөө  хүргэе. 


-Ярилцлагаа махны худалдаа үйлчилгээ эрхлэх санаа хийгээд компани байгуулсан талаар эхлэх үү?


2021 оны 10 дугаар сар буюу ковидын үе байлаа. Хорио цээрээс үүдэж юм бүхэн хомс байхад би мах авахаар гэрээсээ гарсан. Хорин  мянган төгрөгөөр мах авья гээд лангууны эгч нарт хэлэхэд 20 мянган төгрөгт мах  тасалж өгөх дургүй байсан. Гэртээ ирээд л “Худалдагч нар яасан сонин юм бэ, хорин мянган төгрөгт нэг килограмм  орчим мах өгчихөж болдоггүй юм уу” гээд л жаахан бухимдах маягтай аав, ээж хоёртоо хэллээ.


Гэтэл тэд “Одоо эрэлт хэрэгцээ их байхад юу гэж тэгж өгөх вэ, дор хаяж тав, арван килограммаар зарах байлгүй гэв. Би БНХАУ-д хэсэг хугацаанд сурч байлаа. Тухайн үед бэлтгэчихсэн бэлэн мах аваад идчихдэг байв. Бас нэг, хоёр, гурван зуун граммаар авахад ч  бэлдээд өгчихдөг тийм байсан. Яг үүн шигээ бодоод л махны лангуунаас мах авъя гэтэл тийм орчин байгаагүй. Ингээд махны төрөлжсөн, савлагаатай дэлгүүр нээвэл зүгээр юм биш үү гэж аавд хэлэхэд дэмжсэн юм.


Аав  маань өмнө нь махны бизнес эрхэлж байсан туршлагатай. Тэгээд аавынхаа туршлага дээр үндэслээд 2021 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Удалгүй 2021 оны 12  дугаар сард манайх хуулийн этгээд болж байлаа. Компани болон өргөжүүлэхэд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “BEST” хөтөлбөрийн үйл ажиллагаа ихээхэн дэмжлэг болсон.


Анх бизнес эхлэхэд тулгарч байсан зүйл юу байсан бэ?


Миний хувьд махны бизнесийн талаар мэдлэг, туршлага үнэндээ  юу ч байгаагүй. Тэр бүү  хэл, ааваасаа “Та хоёр гуя л авчраад байх юм. Нөгөө хоёр гуяа яачихсан юм бэ, үхэр  дөрвөн гуятай байдаггүй юм уу? гэж асууж байсан. Махны хувьд  үнэхээр туршлага дутаж байсан. Мэдээж бизнес хийх явц дундаа бага багаар туршлагажаад явж байна. Гэхдээ гол зүйлийг ааваасаа сураад явж байгаа.


Хүмүүс бизнес хийж байгаад дундаас нь орхисон жишээ олон байдаг. Шантрах зүйл гарсан уу? Эхэлсэн ажлынхаа үр дүнг нь харах гэж зүтгэв үү, эсвэл аавын туршлага нөлөөлөв үү?


Манайх 2021 онд махны нөөцийг маш сайн бэлтгэсэн байлаа. 2022 оны хавар  цаг сайхан эхэлсэн. Гэтэл шинэ мах зах зээлд ороод ирлээ. Харин нөөцийн мах  тэгтлээ сайн зарагдаагүй. Бид 2021 онд нөөцийн мах их бэлтгэснээрээ уналтад орсон юм. Борлуулалт  муу байв. Гэхдээ асуудлаа шийдсэн л дээ. Миний хувьд яг л галзуу барын ам руу гараа хийхээс буцахгүй гэж үг  байдаг.


Тэр л болсон. Их л зоригтой байсан юм шиг санагддаг. Гэхдээ шантраагүй. Аавын туршлага ч бий. Ингээд л манайх ашиггүй ажилласан. Махны зарим нь хатуу, зөөлөн гээд л янз бүр байна. Хүмүүс ч сэтгэгдлээ хэлээд л. Тэр болгон дээр шантрах  үе байсан. Санхүүгийн асуудал эхний жилдээ хэцүү байлаа. Харин “BEST” хөтөлбөрийнхөн маш их зоригжуулж байв. Бизнесийн энэ уналт нь үнэхээр уналт юм уу, эсвэл түр зуурынх юм уу гэдгийг чи олох ёстой. Үүний дараа үнэхээр гүн уналт бол бизнесээ зогсоож болно, түр зуурынх  бол үргэлжлүүлээд явахад илүү боломжийг нээнэ гээд л зөвлөдөг байсан. Хүнд үеийг сэтгэл зүйгээрээ давсан.


Компани болон ажиллахад юуг илүү анхаарч  өөрийн бизнестэй тусгасан бол?


Би лангуун дээр мах зардаг хүн байя гэж бодъё. Гэтэл энэ нь илүү боломжтой юу, хуулийн этгээд болсноороо би боломжтой юу гэдгээ эхлээд харьцуулж үзэж байгаад хуулийн этгээд болж байсан. 2021 оны 11 дүгээр сард хуулийн этгээд болох бичиг баримтаа бүрдүүлээд явж байхад “BEST” хөтөлбөрөөс компанийн дүрэм боловсруулахад дэмжиж хамт боловсруулж, Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж бүртгүүлж байсан юм.

Компанийн дүрэм боловсруулахад анхаарах зүйлс гэдэг сургалтаас олж авсан мэдээлэл дээрээ үндэслээд бусад зөвлөгөөнүүдийг аваад л компанийхаа дүрмийг боловсруулж  хуулийн этгээд болж байсан. Хуулийн этгээд болсноор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломж бүрдсэн. Бас санхүү татварын тайлагнал чухал юм билээ.

Манай компанийн борлуулалтын орлого жил ирэх тусам нэмэгдсэн байна. Бичил бизнесээс жижиг дунд бизнес рүү орох зорилттой байгаа. Татвараа үнэн зөв тайлагнаснаараа улсдаа ч хэрэгтэй, өөрсдөдөө ч илүү амар болсон. Зарим хүмүүс татвараа нууж дарагдуулах тухай яриад байдаг шүү дээ. Одоо ингэх ямар ч боломжгүй болсон. Бүх зүйл цахим руу шилжсэн. Аль болох бид үнэн зөвөөр тайлагная. Тэгээд бидэнд ямар өгөөжтэй вэ гэхлээр банкинд очоод бизнесийн зээл хөөцөлдөх, ямар нэгэн хөнгөлөлттэй зээлд хамрагдах үед ил тод байснаараа  боломжийг нээж байна.


Орон нутагт  бизнес эрхлэхэд  тулгамдаж байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ?


Манай салбарын хувьд төрийн бодлогын хүрээнд учиргүй шүүмжлээд байх юм бараг байхгүй. Малын гаралтай ХАА-н бүтээгдэхүүний талаар бодлогын хувьд дэмжсэн байдаг. Харин орон нутгийн хувьд намын ч юм уу оролцоо байгаа нь  бэрхшээлтэй санагддаг.


Хүмүүс олон талын мэдлэгтэй болоод бизнес хөгжөөд ирэхэд ийм хандлага арилах болов уу?

Энэ хандлага ирээдүйд арилах байхаа.


Танай дэлгүүр гарал үүсэл нь тодорхой, найдвартай махны худалдаа хийдэг гэж ойлгож байгаа. Цаашид бизнестээ ямар өөрчлөлт хийхээр бодож байна?


Сайжруулах ажил их байна. Жишээ нь бид одоогоор өөрсдөөсөө түүхий эдүүдээ хангаж чадахгүй байгаа. Малчдаас хангаж байгаа. Өөрсдөө түүхий эдээ хангая гэсэн бодолтой байгаа. Бизнесийн тогтвортой байдал, махны чанараа илүү найдвартай болгож байна аа гэсэн үг.


Бизнес хийхэд орчноо судалж үндэслэлтэй хийвэл илүү үр дүнтэй байх нь гэсэн ойлголт  төрж байна ?


Тийм. Бизнесийг жаахан ч гэсэн судалгаатай хийх ёстой юм байна. Нэг үл хөдлөх хөрөнгө аваад засварлаад орчихдог. Гэтэл хүн орж ирэхгүй бол тэр бизнес нурна. Тэгэхээр бизнесийг эхнээс нь бага, багаар хөгжүүлээд явах нь зөв гэж ойлгож байгаа.


Аливаа нэг баяр ёслолын үед ч юм уу, цагаан сар дөхөхөөр эрэлт хэрэгцээ ихэсдэг байх?


Тийм. Бидний хувьд яг чухал үе л дээ. Цагаан сарын өмнө эрэлт ихсэдэг. Манай дэлгүүрийн, манай компанийн оргил үе  юм.


Танай бүтээгдэхүүн савлагаан дээр тэр сумын, тийм гаралтай үхэр, жин, нас нь тэд гээд биччихсэн байдаг?


Бид малчдаас ирсэн гарал үүслийн бичгээ маш сайн авдаг. Махаа малчдаасаа аваад лаборатори руу өгч, шинжлүүлээд дэлгүүр дээрээ худалдаалдаг. Манай компанид ч дотоод хяналтаа хийхэд амар. Авч байгаа хүмүүстэй ч баталгаатай.


Дорноговь аймагт энэ төрлийн бизнес олон байна уу? Зах зээл дээр өрсөлдөх байдлын хувьд?


Манайх ангилсан бүтээгдэхүүнээрээ анхдагч нь гэж харж байгаа. Бидний хамгийн том амжилт бол хүмүүсийг ангилсан маханд сургасан явдал. Хоол хийхэд ч амар, мах хэрчих шаардлага байхгүй. Хүмүүсийг соёлд сургаж, цаг завыг нь хэмнэж байна гэж харж байгаа.



Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ