Малчид зээлээ эргэн төлөх хугацааг 6 дугаар сарын нэгнийг хүртэл хойшлуулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-22 14:07:28

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хаваржилтын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.


Тэрбээр, “Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 15-наас эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь цастай байна. Одоогоор 192 суманд нөхцөл байдал хүндэрсэн, 1.5 сая толгой мал хорогдсон. Цаашид ч энэ тоо өснө. Энэ хугацаанд улсын нөөцөөс 6000 тонн тэжээл гаргасан бол орон нутгийн нөөцөөс 20 мянга гаруй тонн тэжээл, мөн 10 мянга гаруй тонн тэжээлийн улаан буудай хүргэж эхэлсэн. Засгийн газрын гишүүдээр ахлуулсан зургаан шуурхай бүлэг ажиллаж байна. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн ахалсан шуурхай бүлэг ажиллаж байгаа. Энэ бүсэд хаваржилт хүндэрсэн 49 сумын 1971 малчин өрх бий.


Хоёр дахь шуурхай бүлгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж байна.  Гурав дахь шуурхай бүлгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж байна. Дөрөв дэх шуурхай бүлгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт ажиллаж байна.

 

Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан тав дахь ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад ажиллаж байгаа бол Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ахалсан зургаа дахь ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байна.


Ерөнхий сайд зарим аймгаар явж, Засгийн газраас гаргасан тогтоолын шийдвэрийн биелэлтэд анхаарч ажиллаж байна. Явуулын мал эмнэлэг ажиллаж, малын гоц халдварт өвчин, цэцэг өвчин, товруутах өвчин тархахаас сэргийлэх, ариутгал халдваргүйтэл хийх, эрсдэлийг багасгах тал дээр анхаарч ажиллана. 1800 гаруй албан хаагч 140 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж 54 мянган км зам харгуй гаргалаа.  Техник хүн хүч нэмэлтээр хуваарилж байна. Орон нутагт ажиллахад малчид зээл тэглээд өгөөч, цуцлаад өгөөч гэж хэлээгүй. Зээл төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. 190 мянга гаруй малчнаас 141 мянга нь 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байгаа. Малчны зээлийн дундаж хүү 21 хувь. Малчин дээд тал нь 30-50 сая төгрөгийн зээл авсан байна. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, өвс тэжээлд зээлээ зарцуулдаг. Малаа барьцаалаад зээл авсан учраас зээлээ төлөхөд бэрхшээл үүссэн.


Тиймээс Монголбанк, Төрийн банк, Хаан банкны удирдлагатай уулзаж, эхний удаад зээл төлөлтийг ирэх зургадугаар сарын нэгнийг хүртэл хойшлуулахаар ойлголцолд хүрсэн.  Малчид зээл төлөлтөө хойшлуулах хүсэлтийг аймаг, орон нутгийнхаа банкинд гаргана. Нийт малчны зээлийн 52 хувь нь Төрийн банкнаас олгогдсон байна. Нийт дүнгээрээ 685 тэрбум төгрөгийн зээл байгаа. 580 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас олгогдсон, зээлийн 48 хувийг эзэлж байгаа. Эдгээр зээлийг хойшлуулах бүрэн боломжтой болсон” гэв.


Шадар сайдаас сэтгүүлчид дараах зүйлсийг тодруулсан юм.

-Малчид зээлтэй холбоотой асуудлаар ямар хүсэлт гаргаж байгаа вэ, түүнийг нь хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Малчид авсан зээлээ эргүүлэн төлөх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. Тиймээс банкны удирдлагуудтай ярилцаж зээлийг хойшлуулахаар болсон. Тэгээд ч малчны зээлийг тэглэх болон чөлөөлөх асуудлыг яриагүй, шийдвэрлээгүй. Ийм боломж ч хомс. Зах зээлийнхээ боломж, зарчимд нийцүүлээд зээл төлөлтийг хойшлуулсан гэж ойлгох хэрэгтэй.


-Өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байна. Үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломж байна уу?

-Өнгөрсөн онд өвс, тэжээл экспортлохыг хориглосон. Мөн импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийг импортын татвараас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлж, уг тогтоолыг батлах ёстой. Гэхдээ энэ хугацаанд Засгийн газраас үйлдвэрлэгч нартай уулзаж, тэжээлийг үйлдвэрийн үнээр нь аль болох дамжлагагүйгээр малчдад хүргэхэд анхаарч ажиллаж байгаа. Тээврийн зардал нэмэгдэж байгаа тал бий.


Тэгвэл ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал, “Маргаашаас хүйтний эрч сулрах ч дахин хүйтэрч, цасаар шуурна. Урьд шөнө Увс аймгийн Малчин, Ховд сум, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд нутгаар 0-1 мм цас орж, цасны зузаан нэмэгдсэн байна. Өнөөдөр өдөртөө Хангайн нуруу, Орхон голын сав газраар цас орно. Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна. Даваа гараг буюу хоёрдугаар сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ. Хүйтний эрч сулрах ч энэ сарын 27-ноос эргээд хүйтрэх төлөвтэй байна гэлээ.

Холбоотой мэдээ