ЗАВХАН: Зарим давааны зорчих хэсгийг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-18 12:28:20

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймагт цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан автотээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан бөгөөд зарим зам давааг нээх ажлыг хийж байна.


Тухайлбал, Загастайн давааны замын зорчих хэсэг хэвийн боловч дөрвөн газар нэг чигийн урсгалтай байсныг өнөөдөр 11.00 цагт хэвийн болгосон. Хоёрдугаар сарын 18-ны өдөр Ганцын давааг нээх ажлыг "Завхан Азза" ХХК, Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран зохион байгуулж байна.


Тэс сумын Дооно багийн Үзүүр гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 330 км, сумын төвөөс баруун урд  зүгт 25 км-т, суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 21.30  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн  алба хаагчдыг очиход Увс аймгийн Зүүнхангай сумаас Завхан аймгийн Тэс сумын чиглэлд 15 зорчигчтой, дөрвөн автомашин цасанд суусан байсныг татан гаргалаа. Өнөөдрийн байдлаар цасанд суусан болон замд саатсан гэсэн дуудлага ирээгүй байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Ташрамд, Засгийн газрын 2023 оны 449, 479 дүгээр тогтоолоор Улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгосон өвс, тэжээлийг сумдад хуваарилсан байна. Мөн аймгийн Засаг даргын захирамж, сумын түвшинд нийт хэдэн малчинд өвс, тэжээлийн дэмжлэг олгосон талаарх судалгаа мэдээллийг нэгтгэж байна.

Мөн ойрын өдрүүдэд цаг агаар хүйтрэх, зарим газраар цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учраас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Мөн иргэдийг анхаарал болгоомжтой байж, өдөр бүр  цаг агаарын мэдээллийг байнга авах, хол замд гарахгүй байхыг сануулж байна гэж аймгийн Онцгой комиссоос нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ