В.Путин Турк улсад айлчилж магадгүй

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-09-29 16:40:48

МОСКВА. /ANADOLU/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард Туркэд албан ёсны айлчлал хийж магадгүй тухай Туркийн албаны хүн мэдэгдлээ.

Туркийн Худалдааны танхим болон ашигт малтмалын биржүүдийн холбооны тэргүүн Рифат Хисарчиклиоглу сэтгүүлчдэд лхагва гарагт  мэдээлэл хийхдээ “Туркийн бизнес эрхлэгчдэд тавьсан хориг болон “Turkish Stream” нефть дамжуулах хоолой барих төсөл зэрэг асуудлыг айлчлалын үеэр хэлэлцэнэ хэмээн бид найдаж байна” гэлээ.

Харин Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “Ерөнхийлөгч Туркэд айлчилж магадгүй. Айлчлалын бэлтгэл ажил бүрэн дуусах тэр үед шаардлагатай мэдэгдлийг өгье” гэж байсан юм.

В.Путин амралт зугаалгын Анталия хотод болсон “G20” бүлгийн Дээд хэмжээний уулзалтад оролцохоор 2015 оны 11 дүгээр сарын 15-16-нд хамгийн сүүлд Туркэд ирж байсан билээ.

Харин Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, Оросын Ерөнхийлөгч В.Путин нар хамгийн сүүлд энэ оны долдугаар сард уулзсан. 2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагаснаас хойш хоёр улсын төрийн тэргүүн нар анх удаагаа уулзсан нь энэ юм. Онгоцыг харван унагаасан хэргийн улмаас хоёр улсын харилцаа хөрөхөд хүрсэн билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ