Хиймэл дагуул устгах зэвсгийн асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхийг Ж.Байден үүрэг болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-16 12:13:55

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 16 /kommersant/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тойрог замд байгаа хиймэл дагуулуудыг устгах системтэй холбоотой асуудлаар Оростой шууд яриа хэлэлцээ хийхийг үүрэг болгожээ. Энэ тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдээллээ. 


Сансарт ийм төрлийн системийг байрлуулах гэсэн ОХУ-ын төлөвлөгөө нь "үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна" гэж АНУ-ын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн юм. 


"Тэд энэ системийг хөгжүүлсээр байна. Бид энэ талаарх мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсээр байна” гэж Ж.Кирби хэлээд Ж.Байдены өгсөн үүрэг даалгаврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.


Үндэсний аюулгүй байдалд аюул учирч байгаа тухай АНУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 15-нд шилжих шөнө мэдэгдсэн юм. Сүүлд АВС сувгаар мэдээлэхдээ, энэ асуудлаар Цагаан ордонд хаалттай хуралдаан хийж, сансарт цөмийн зэвсэг байрлуулах Оросын төлөвлөгөөг хэлэлцэх ажээ. Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр, тус улсын үндэсний аюулгүй байдалд учирч буй аюул занал нь Орост зохион бүтээж буй хиймэл дагуул эсэргүүцэх цогцолбортой холбоотой гэжээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Америкийн эрх баригчдын хийсэн мэдэгдэлд тайлбар хийхдээ “энэ бол ээлжит заль мэх” гэсэн байна. Түүний хэлснээр, Цагаан ордон Украинд цэргийн тусламж үзүүлэхэд хөрөнгө мөнгө хуваарилах хуулийн төслийг Конгрессоор батлуулахын тулд “ийм арга хэрэглэж байгаа ажээ”.


The New York Times (NYT) сонинд бичсэнээр, Оросын цогцолбор нь ердийн харилцаа холбооны болон цөмийн зэвсгээ хянахын тулд ашигладаг АНУ-ын хиймэл дагуулын тандалтын системийг устгах чадалтай. “Сансрын орон зайд явуулах үйл ажиллагааны тухай" 1967 онд байгуулсан гэрээнд зааснаар улс орнууд сансарт үй олноор хөнөөх ямар ч төрлийн зэвсэг байрлуулах ёсгүй. Харин бусад төрлийн зэвсгийн талаар уг гэрээнд дурдаагүй юм. Сансарт түрүүлж зэвсэг байрлуулахгүй байх тухай Оросын санаачилга 2004 оноос хойш хэрэгжиж байна. Харин тус улсын дараагийн алхам нь эл гэрээнээс гарах явдал байж магадгүй гэж NYT сонинд бичжээ.

Холбоотой мэдээ