ЗАВХАН: Хомын талын цагаан зээрийн тоо толгой 8000-ыг давав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-15 15:24:51

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талын цагаан зээрийн тоо толгой өсөж, 8000-ыг давжээ.


Хомын талд тахь буюу Пржевальскийн адууг сэргээн нутагшуулснаас гадна цагаан зээрийг мөн сэлгэн нутагшуулсан юм.


1950-аад онд Улаанбаатар - Замын-Үүдийг холбосон төмөр зам барьснаар монгол орны цагаан зээрийн тархац нутаг хоёр хуваагдаж, баруун бүс рүү чиглэсэн нүүдэл нь зогссон билээ. Харин 1988-1990 онд Биологийн хүрээлэн, Анчдын нийгэмлэг хамтран дорнодоос цагаан зээрийн 600 гаруй янзагыг Хомын тал руу тээвэрлэн нутагшуулжээ. 


Эдүгээ Хомын талын цагаан зээрийн тоо толгой тогтворжиж, 8000 гаруйд хүрээд зогсохгүй Хангайн нурууны баруун хэсгээр ч нүүдэллэх болсон байна.


Хомын тал нь монгол орны баруун хэсэгт, Их нууруудын хотгорт орших бөгөөд Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Багануур, Дөргөн нуур, Завхан гол, Тээл гол зэрэг ус намгархаг газруудтай, говь хээрийн бүсийн нутаг юм.

Баруун, хойд болон зүүн талаараа хоорондоо холбоо бүхий усан сүлжээгээр, өмнөд талаараа их элсэн манхнуудаар хашигдсан 2900 хавтгай дөрвөлжин км талбай бүхий "байгалийн арал" юм.  


Хомын талд 46 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 7 нь бүс нутгийн болон олон улсын улаан дансанд бүртгэгджээ. Үүнд, тахь, янгир, хар сүүлт зээр, бөхөн, цагаан зээр, зэгсний зэрлэг гахай зэрэг амьтад байна. Цоохор ирвэс гүйдлээр тохиолддог.


Хомын талын арал мэт өвөрмөц тогтоц нь амьтдын хувьд аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтны хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв. 


Завхан аймаг 2023 онд агнуурын ач холбогдол бүхий амьтдаа тоолсон байна. Энэ үеэр аргаль 447, янгир 1367, халиун буга 3717, бор гөрөөс 2714, цагаан зээр 8000, зэрлэг гахай 30, саарал чоно 541, шар үнэг 500, хярс 700, халздай дорго 300, мануул мий 100, тарвага 7906, боролзон туулай 8500, чандага 4200, өмхий хүрэн 1200-г тоолжээ.

Холбоотой мэдээ