Санчирын дагуулын гадаргуу доор далай байгааг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-02-08 14:51:40

ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 8 /TASS/. Санчир гаргийн хамгийн ойрын дагуул болох Мимасын мөсөн гадаргуугийн доор далай байгааг Европ, Хятадын одон орон судлаачид гараг хоорондын “Кассини” автомат станцын мэдээллийг судлах явцдаа тогтоожээ. 


Парисын их сургуулийн судлаач Валери Лайни-гийн удирдсан эрдэмтэд Мимас дагуул тойрог замаараа хэрхэн хөдөлж байгааг нарийвчлан судлахын тулд “Кассини” станцаас 2004-2017 оны хугацаанд ирүүлсэн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсэн байна. Ингэснээр Санчир гаргийн дагуулын гадаргуу доор 20-30 км-ийн гүнд далай байгаа болохыг тогтоожээ. Мөн тус дагуулын эргэлт нь үе үе удааширч, хурдасдаг үзэгдлийг /Мимасын либрац/ болон тойрог зам дахь түүний байрлалын өөрчлөлтийг судалжээ. Уг далай нь 25 сая хүрэхгүй жилийн өмнө үүссэн тул гадаргуугийн доор оршин буйн ул мөр гадаргуу дээр нь одоог хүртэл ажиглагдахгүй байгаа ажээ. 


Эргэлт ба тойрог замын байрлал дахь дээрх өөрчлөлтүүд нь гаргуудын дотоод бүтэц, хэвлий дэх бодисуудын жигд бус агууламж, мөн шингэн бодис агуулагдаж байгааг илтгэдэг ажээ. Ийм дүгнэлтэд үндэслэж, “Кассини”-гийн мэдээллийг ашигласнаар Мимасын дотоод бүтцийн боломжит загварчлалыг гаргажээ.


Эдгээр тооцоолол нь Мимасын хэвлийн гүнд 25 сая хүрэхгүй жилийн өмнө буюу сансар огторгуйн хэмжээсээр бол хэдхэн хормын өмнө үүссэн мөсөн доорх далай байгааг харуулжээ. Далайн хэмжээ, шинж байдал нь өөрчлөгдсөөр байгаа бөгөөд түүний дээд хил хязгаар нь аажмаар дээшилж, 2-3 сая жилийн өмнө Мимасын гадаргуугаас 20-30 км-т хүрчээ. Мимасын гадаргуу яагаад Европа, Энцелададийнх шиг биш болохыг уг өөрчлөлт харуулна. 


Мимас бол Санчир гарагт хамгийн ойр орших Тетис, Энцеладус, Дион гэсэн түүний дагуулуудаас хамгийн жижиг нь юм. Мимас нь ойролцоогоор 400 км-ийн голчтой бөгөөд бараг бүхэлдээ мөс, хөлдүү хийнээс бүрддэг. Түүний гадаргуу дээр 140 км-ийн голчтой “Хершел” хэмээх аварга том тогоо байдаг нь Жорж Лукасын "Оддын дайн" цувралын "үхлийн од"-той төстэй харагддаг тул Мимас гараг олон арван жилийн туршид ажиглагчдын анхаарлыг татсаар иржээ. 


Мимас бүхэлдээ хатуу бодисоос бүрдсэн боловч ийм бодисоос тогтсон бусад жижиг гаргаас арай өөр байдлаар тойрог замаараа эргэж байгааг одон орон судлаачид бүр 2014 онд анзаарчээ. Энэ нь түүний хэвлийн гүнд далай байгаа эсэх талаарх маргааныг үүсгэсэн байна. Санчирын дагуулын хэвлийд ийм усан сан байгаа тохиолдолд  /Бархасбадийн дагуул Европагийн гадаргуу дээрхтэй ижил/ илт харагдахуйц хагарал, атираанууд үүссэн байх ёстой тул эрдэмтэд далай байгаа гэдэгт эргэлзэж байжээ. 

Холбоотой мэдээ