В, С ангилалтай жолоочийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-05 16:28:51

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлага тулгарчээ. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм байна. 


Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болжээ. Мөн нийслэлийн болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн  В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна. Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо. Мөн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх аж.


Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 15 гэхэд автобусны гаралтын тоог 1200-д хүргэнэ. “Ч” чиглэлд явах автобусны тоог нэмнэ. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан бол энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг цугласан. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Зургаадугаар сар гэхэд дунд оврын автобусны тендер зарлаж, гэр хорооллын захын чиглэлд явуулна” гэв. 

Холбоотой мэдээ