ЗАВХАН: Аймгийн ерөнхий боловсролын бүх сургууль шагайн харвааны зурхайтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-04 17:46:34

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймаг ерөнхий боловсролын бүх сургуульдаа шагайн харвааны иж бүрэн сургалтын зурхайг олгож дуусчээ.


"Даян мэргэн" төслийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад шагайн харвааны зурхайг олгож байгаа юм. 


Анх 2021 онд 8 сургуульд шагайн харвааны иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнийг олгож байсан бөгөөд хоёрдугаар ээлж буюу өнгөрсөн жилийн тавдугаар сард 21 нэгж, ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудад олгожээ.

Харин гуравдугаар ээлжийн сургалтын зурхай хүлээлгэн өгөх үйл ажиллагааг цагаан сарын шагайн харвааны тэмцээний үеэр гардуулан өглөө.


Энэ удаад Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан сумын ерөнхий боловсролын сургууль болон төрийн байгууллагуудад шагайн харвааны зурхайг гардуулан өгсөн байна.   

"Даян мэргэн" төслийн хүрээнд сум бүрийн ерөнхий боловсролын сургуулиуд дэргэдээ шагайн клуб байгуулсан бөгөөд эдгээр клубүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай хийж буйн нэг нь сургалтын зурхай олгох ажил юм.

Ийнхүү Завхан аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд сургалтын зурхайг олгож дууслаа. Мөн нийт 38 нэгжид сургалтын иж бүрэн хэрэглэл болон зурхайг олгоод байна.


Шагайн харвааны зурхай гэдэг нь: Хасаагаа өрөх зориулалттай дөрвөлжин мод юм. Зурхайг агар, суман, сүүлийн үед үнэт мод ховордсоноос урд зүгийн хүрэн мод зэрэг сайхан үнэртэй юмуу эсвэл маш хатуу модоор голдуу босоо ширхэгтэйгээр урладаг. Зурхайг “сэнтий” гэх тавиур дээр тавьдаг.


Завхан аймаг нь шагайн соёлын өлгий нутаг төдийгүй Сартуул шагайн харвааг үе дамжин хөгжүүлж байгаа нутаг юм. Тиймээс шагайн харвааг сонирхол татахуйц олон төрөлт хэлбэрээр хөгжүүлснээр хүүхэд залуучуудад уламжлалт зан үйл, өв соёлын цогц мэдлэгийг түгээх.


Нийгэмд эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох зэрэг олон үр дүн гарна гэж аймгийн "Даян мэргэн" харваачдын холбооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ