“Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-тай хамтран ажиллах боломж байгааг онцолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-02-03 09:52:02

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат “Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн Европ, Төв Азийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч Роб Ван Лэувэнтэй энэ сарын нэгэнд уулзлаа.


Дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, тухайн орны хууль тогтоох байгууллагатай хамтран ажилладаг тус сан 1992 онд байгуулагдахдаа парламент ямар үйл ажиллагаа явуулах ёстойд чиглэж байсан бол өдгөө парламент дахь ардчиллыг бэхжүүлэх, үүнд парламентын оролцоог хэрхэн уялдуулахад анхаарч байгаа аж.


Сангийн  Европ, Төв Азийн хөтөлбөрийн хүрээнд европын таван оронд үйл ажиллагаа явуулж буйг Роб Ван Лэувэн дурдаад, Гүрж Улсын парламенттай уур амьсгалын өөрчлөлтийн талаар, Украйны парламенттай хуулийн төсөл боловсруулах, парламентын судалгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр хамтран ажиллаж байна гэв. Түүнчлэн Балканы баруун бүсийн орнуудтай залуусын цагаачлал, улс төр дэх эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцооны чиглэлээр хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, сангийн үйл ажиллагаа парламентын боловсрол, хууль тогтоох үйл явц, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, дижитал систем зэрэг чиглэлд хуваагддагийг онцолсон юм.


УИХ-ын ЕНБД Д.Энхбат, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх нь манай хоёр улсын төдийгүй дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлс. Энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд байна хэмээсэн. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог нэмж 126 болгон, парламентын төлөөлөх чадварыг сайжруулсан талаар, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах нөхцөл боломж бүрдүүлэхээр бий болгосон D-Parliament цахим платформ, Монгол Улсын парламент өнгөрсөн онд ОУПХ-ны дэмжлэгээр Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын үнэлгээг анх удаа зохион байгуулсан талаар мэдээлж, энэ үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд ч тус сантай хамтран ажиллах боломжууд байгааг дурдлаа.


Уулзалтын үеэр Монгол Улсад хоёр удаа зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлт, 126 гишүүнтэй болж өргөжих шинэ парламентыг хүлээн авах бэлтгэл болон бусад асуудлаар санал солилцсоныг УИХ-ын ХМОНХГ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ