Өмнөговь аймгийн “Түмэн тэмээний баяр” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг уламжлалт “Түмэн тэмээний баяр” эхэллээ. Монгол Улсын хамгийн олон тэмээтэй тус аймаг энэхүү үйл ажиллагааг 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм.
Энэ талаар Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа “Энэ жилийн тэмээний баяраар тэмээн поло, тайлаг, торомны уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн, тэмээн парад, ингэний айргийн баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “мэндлэх, хүндлэх ёс” хөөрөгний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын тоглолт гээд нийт 20 орчим хөтөлбөртэй” гэжээ.
Тус үлй ажиллагааг жил бүрийн гуравдугаар сард болдог ч Хөвсгөлийн мөсний баяр, Улаанбаатар хотод болдог “Бүргэдийн баяр”-тай давхцуулахгүйн тулд хугацааг нь нэг сараар наашлуулжээ. “Түмэн тэмээний баяр”-т оролцогчид, жуулчид тэмээ унах, тэмээтэй парадад жагсах зэргээр наадмыг зөвхөн үзэх биш өөрсдөө оролцох боломжтой ажээ.
Монгол Улс 2023
онд 473 900 толгой тэмээ тоолсноос гуравны нэг нь Өмнөговь аймагт байдаг.