ЗАВХАН: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 1.9 тэрбум төгрөг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-31 17:47:55

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Тус аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр энэ онд нийт 1,9 тэрбум төгрөгийн зээл олгохоор баталжээ.


Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, ХХААХҮ-ийн сайдын “Хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлах тухай” 2024 оны А/28 дугаар тушаалын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авч эхэлсэн байна.


2024 онд Завхан аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1,4 тэрбум, аймгийн орон нутгийн төсвөөс 0,5 тэрбум, нийт 1,9 тэрбум төгрөгийн зээл олгохоор баталсан байна.


Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, зээлийн зориулалт нь үндсэн хөрөнгө оруулалт, зээлийн хугацаа нь тав хүртэл жил байна. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 12 хүртэл сар, зээлийн хүү нь 3 хувь байх аж. Төслийг 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 8.30 цагаас эхлэн, 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 8.30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хүлээн авна. Төслийн материалыг зөвхөн https://www.sme.gov.mn/ цахим системээр хүлээн авна.


Завхан аймагт өнгөрсөн жил хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс 900,0 сая төгрөгийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор төсөвлөж олгосон байна.



Нарийвчилсан судалгаанд тэнцсэн 892 сая төгрөгийг эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, сүү цагаан идээ, өндөгний аж ахуйн 7 төсөлд нарийвчилсан судалгаа хийж санхүүжилт олгожээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэлийг жил бүр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг.


Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар зарим арга хэмжээний тухай” “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөө”-тэй уялдуулж баталсан байна.


Мөн дээрх төлөвлөгөө болон бусад хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох нэн шаардлагатай байгаа салбар, чиглэлийн саналыг 21 аймгийн Засаг  дарга нараас хүлээн авч, ХХААХҮЯ болон ЖДҮГ-ын удирдлагуудын саналыг нэгтгэн ХХААХҮ-ийн сайдад хүргүүлснээр дараах салбар, чиглэл  батлагдсан байна.


Тодруулбал, энэ онд хүнсний үйлдвэрийн чиглэлээр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл, цэвэр усны үйлдвэрлэл, хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэлүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно.


Газар тариалангийн чиглэлээр, хүлэмжийн аж ахуй, хүнсний зоорь, агуулах, малын тэжээл, бордооны үйлдвэрлэл, агро ойн аж ахуй, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл.


Мал аж ахуйн чиглэлээр, эрчимжсэн мал аж ахуй, мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ, малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл.


Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Үйлчилгээний чиглэлээр, ахуйн үйлчилгээний төв буюу 3-аас дээш засвар, үйлчилгээ эрхлэх гэхчлэн жижиг, дунд үйлдвэрлэлүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ