ЗАВХАН: Эрэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутгаасаа авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-31 17:04:09

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Тус аймаг "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор эрэгтэйчүүдийн кабинетыг шинээр нээсэн нь үр дүнгээ өгч байна.


Эрэгтэйчүүдийн кабинетыг өнгөрсөн жил аймгийн Нэгдсэн эмнэлэгт нээж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна. Кабинет байгуулах ажлыг 2022 оноос эхлүүлж мэргэжлийн эмч, сувилагчаар ханган, мэргэшүүлэн сургажээ.


Эрэгтэйчүүдийн кабинетын үйл ажиллагааг дэмжин, Орон нутгийн хөгжлийн сангийн 19.5 сая төгрөгөөр 12 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангасан байна.


Өнөөдрийн байдлаар тус кабинетаар өдөрт 20-30 иргэн үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөөг авч байна. 


Өмнө нь зөвхөн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийдэг мэргэжлийн эмчгүй, эрүүл мэндийн үйлчилгээ ч орон нутагт байдаггүй байсан.


Харин эрэгтэйчүүдийн кабинет нь үзлэг, оношилгоог хийж, зөвлөгөө өгөхөөс гадна эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон түрүү булчирхайн дурангийн хагалгааг хийдэг болсон нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа эрэгтэйчүүдэд олон боломжийг олгожээ.


Эрэгтэйчүүд заавал Улаанбаатар хотыг зорьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах биш, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, цаг хугацаа, санхүүгээ хэмнэсэн цогц үйлчилгээг орон нутгаасаа авдаг болсон байна.


Эрэгтэйчүүдийн кабинет өнөөдрийн байдлаар давсагны уян дурангийн оношилгоог 52 хүнд хийжээ. Түрүү булчирхайг дурангаар авах 36 мэс заслыг хийж, давсагт стент гуурс тавих 15 мэс ажилбарыг хийсэн мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгээс өглөө.

 

Холбоотой мэдээ