ЗАВХАН: Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-24 15:57:36

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Тус аймгийн төв, Улиастай сумын сургуулиудад итгэлтэй утас ажиллуулж эхэлснээр 300 гаруй хүүхэд яаралтай үед холбоо барьжээ.


Өнгөрсөн оны гуравдугаар сард "Монголын цахилгаан холбоо" ХК-тай хамтран ерөнхий боловсролын сургуулиуд "Итгэлтэй утас" буюу таксофоныг сургууль дээрээ суурилуулж ажиллуулж эхэлсэн байна.


Харин өнөөдрийн байдлаар аймгийн зургаан сургууль, хөдөө сумын 3 сургууль таксофонтой болжээ. Эдгээр таксофоныг ашиглан хүүхдүүд яаралтай үед болон шаардлагатай тохиолдолд эцэг эх, гэр бүлтэйгээ үнэ төлбөргүй холбогдож байгаа аж. Өнөөдрийн байдлаар 370 хүүхэд эцэг, эхтэйгээ холбоо барьсан бол 45 хүүхэд санал хүсэлтээ таксофоноор дамжуулан илэрхийлжээ.


Сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих, мөн гар утасгүй хүүхдүүд болон гар утасны нэгж, цэнэг дуусах, сүлжээ тасрах үед, байгалийн гамшгийн үед ч найдвартай ажиллах “Итгэлтэй утас” таксофон үйлчилгээг хэрэгжүүлсэн нь эерэг үр дүнг авчирч байна.


Сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хэрэгцээнд хамгаас том хөрөнгө оруулалт болсон "Итгэлтэй утас" тэдний хамгийн хэрэгцээтэй үйлчилгээ байх болно.


Тодруулж хэлбэл, 70804600 утаснаас тан руу залгасан тохиолдолд эцэг эх та утсаа заавал аваарай. Таны хүүхдээс яаралтай, хэрэгцээтэй дуудлага ирж буй гэсэн үг. Бас анхаарал тавиарай.


Итгэлтэй утас, таксофоны ашиглалтын явц, гэмтлийг тухай бүр нь засварлаж байгаа юм. Мөн таксофоны ашиглалтын зардал болох сар бүрийн 100 мянган төгрөгийн төлбөрийг тухайн сургууль нь төлж байна. Цаашид, сумдын ерөнхий боловсролын сургуулиудад итгэлтэй утас, таксофоныг байршуулах төлөвлөгөөтэй байгаа гэж "Монголын Цахилгаан холбоо" ХК-ийн Завхан дахь салбараас мэдээлэв.

Холбоотой мэдээ