ОБЕГ: Урьдчилсан байдлаар гурван хүний амь эрсэдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-24 10:16:00

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөнөөс гал гарч автомашин шатсан. Энэ ослын талаар ОБЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ.


ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ. Ослын улмаас “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” олон улсын дунд сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр гал түймэрт өртсөнийг манай алба хаагчид унтрааж, 02:15 цагт тархалтыг зогсоож, улмаар 04:30 цагт бүрэн унтраасан.


Мөн цагдаа, эмнэлэг, Улаанбаатар төмөр зам, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон гал унтраахад дэмжлэг үзүүлэн ажилласан. Түүнчлэн гал түймрийн голомтын бүсэд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж, гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13-р хорооны “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгууллаа.


Урьдчилсан байдлаар, гал түймэрт гурван хүн амиа алдаж, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гурван хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан. Түлэнхийн төвд хүргэсэн хүмүүсийн тав нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.


Харамсалтай нь, ослын улмаас НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдлээ. Ар гэр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье хэмээлээ.


Алба хаагчдыг таниулах ажиллагаа дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын албаны алба хаагчид байжээ. 

Холбоотой мэдээ