ЗАВХАН: Улсын аварга тэмээчинтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-22 17:45:40

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Тус аймгаас улсын аварга малчин 10 тодорчээ.


Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.


Завхан аймгаас энэ жил улсын хошой аварга малчнаар Алдархаан сумын Алдар багийн малчин Галяхүүгийн Батжаргал тодорчээ.


Улсын аварга малчнаар, Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Мандахнар, Их-Уул сумын Хуягт багийн малчин Сандагийн Ууганбаатар, Тэс сумын Дооно багийн малчин Батжаргалын Хосбаяр, Сантмаргаз сумын Баяннуур багийн малчин Мэнгээгийн Батнасан, Завханмандал сумын Олонтүрүү багийн малчин Дангаагийн Мөнхбат, Тэлмэн сумын Өгөөмөр багийн малчин Жанцангийн Ёндонсамбуу, Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Санжаажавын Даваахүү, Баянтэс сумын Зайгал багийн малчин Цэдэнсодномын Төмөрхуяг,  Баянхайрхан сумын Минж багийн малчин Баянбилэгийн Батбаяр, Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Хоохоны Насанбат нар тодорчээ.


Улсын аварга тариаланчаар Улиастай сумын Товцог багийн тариаланч Дагвадоржийн Нямсүрэн, Улиастай сумын Товцог багийн тариаланч Балжиннямын Жаргалсайхан нар тодорсон байна.


Улсын аварга малчнаар тодорсон Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Мандахнар нь аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулсан аймгийн аварга тэмээчин юм. 


Тэрбээр мөнгөн буурын эзэн бөгөөд 30 орчим жил тэмээ маллаж буй юм. Аварга малчин болно гэдэг гэр бүлийн хамтын хүч хөдөлмөр юм гэж хэлэх түүний гэргий Т.Ариунсайхан ингэ хөөслөх бүсийн уралдаануудад байнга тэргүүлдэг тэмээчин бүсгүй аж.


Т.Аюурсайхан: “Миний хувьд ингэ хөөслөхийг 20 гаруй жил тэмээ маллахдаа нутгийн ахмад малчдаас сурч мэдэж авсан. Хөөс хөөс гэж дууддаггүй, харин дуур дуур гэж уянгалуулан дуурладаг. Ингийг дуурлах нь манай нутгийн бас нэг аялга, заншил юм билээ. Түүнчлэн дунг аялгуулан үлээж ингээ зөөлхөн илэх, өөрийн биеэ халуун биед нь нааж уянгалуулан дуурлахад ботгоо хурдан авдаг. Ер нь тэмээ бол их өрөвч нинжин мал. Зөөлхөн, аясаар байх тусам хүнд ээнэгшин дасдаг мал юм” гэлээ.

Холбоотой мэдээ