Маргаашаас нийтийн тээврийн хэрэгслүүд шинэ маршрутаар үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан 74 шинэ чиглэлд 1075 автобус маргаашаас үйлчилгээнд гарна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тэдгээр уртын чиглэлүүдийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явна. Харин их багтаамжийн автобус явах боломжгүй захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд хоорондоо огтлолцож буйгаараа онцлогтой.
Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал ярихдаа, “Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулснаас гадна “Номад Жеографик” компанитай хамтран цахим системд оруулж байна. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан.
Мөн маргаашаас үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна” гэв.
Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч, автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор оржээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Олон жил зорчсон чиглэлүүд нь өөрчлөгдөхөөр иргэдийн дунд ойлгомжгүй байдал, төөрөгдөл үүсэх магадлалтай. Гэхдээ иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн. Түүнчлэн чиглэлүүдийн давхцал арилна. Улаанбаатар хотын гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөнд нэг л чиглэл явах тул удаан хүлээж зогсох шаардлагагүй болно. Энхтайваны өргөн чөлөөнөөс цааш явж буй чиглэлүүдэд анхаарч, харахад болох юм” хэмээлээ.
Автобусны үнэд өөрчлөлт орох шийдвэр хараахан гараагүй учраас иргэд 500 төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжлэхийг албаныхан хэллээ. Харин энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэж, эцэслэн батална.