ДОРНОГОВЬ: Шадар сайд С.Амарсайхан орон нутагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-18 17:31:06

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан Дорноговь аймагт ажиллаж байна.

Тэрээр өвөлжилт хүндэрсэн Иххэт, Даланжаргалан суманд өнөөдөр ажиллав. Даланжаргалан, Иххэт, айраг суманд цас их орж бэлчээр хомстсоноос болж өвөлжилт хүндрээд байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дорноговь аймгийн нийт нутгийн 75 хувьд нэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс Засгийн газрын тогтоолын  дагуу Улсын нөөцөөс 80 тонн хивэг, 50 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.

Өвөлжилт хүндрэхээс гадна малчдын махыг арилжаалах, зах зээлийн эргэлтэд оруулах  нь тулгамдсан асуудал болсон тул малчдын бэлтгэсэн мал, махыг худалдан авахад орон нутгийн махны өөрийн агуулах зоорьтой аж, ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчдын малыг газар дээр нь очиж худалдан авалт хийх боломжоор хангахад анхаарах хүсэлтийг амйгийн Онцгой комиссоос уламжилсан байна.

Шадар сайд "Засгийн газрын тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил нэг хоногийн өмнө эхэлсэн. Эхний өдөр 238.7 сая төгрөгийн арилжаа хийсэн. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдэж байгаа.

Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааны системийн хөгжүүлэлтийг хийж худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон. Энэ нь захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ гэсэн" байна.

Дорноговь аймагт олон улсын ачаа тээврийн гол боомт Замын-Үүд болон төв магистраль зам байрладаг учраас зам даваа хаагдах үед авто зам гаргахад шаардлагатай авто грейдерийг Улсын нөөцөөс олгохоор болжээ.

Холбоотой мэдээ