Төрийн хэмнэлтийн хуулиас эрүүл мэнд, зам тээвэр, байгаль орчныг хамгаалах салбарынхныг хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-16 14:55:44

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан. Төрийн хэмнэлтийн тухай хуульд “Хэмнэлтийн горим баримталж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байхаар, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй" байхаар тус тус заасан хэдий ч орон нутаг дахь төсвийн байгууллагууд нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, газар нутгийн онцлог, хүн амын тархмал суурьшил зэргээс шалтгаалан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан адилгүй хүндрэл үүсэж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж хязгаарлагдаж, чанар хүртээмж буурах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсээд байгаа талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас удаа дараа санал хүсэлт ирүүлээд байгааг Шадар сайд танилцуулгадаа онцлов. Иймд орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэв.


Хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж, эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын ЗДТГ болон төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд эдгээр байгууллага автомашин ашиглах, худалдан авах, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн албаны гар утасны зардлыг санхүүжүүлэх, сургалт семинар, хурал зөвлөгөөний үр ашгийг нэмэгдүүлэх, оновчтой болгох зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3-т “сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардал”-ыг хориглосон зохицуулалтыг хуулиас хасахаар төсөлд тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийн нийслэлээс алслагдсан гэдэгт 21 аймаг бүгд хамрагдах эсэх, хуулийн төсөлд эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын ажлын дүрэмт хувцсыг хасах болсон зохицуулалтын талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн алслагдсан гэдэгт нийслэлийн гурван дүүргийг хамааруулж буй эсэх, Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжсэнээс хойших хоёр жилийн хугацаанд гарсан үр ашгийг тооцсон талаар тодруулж байлаа.


Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Төрийн хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Байгууллагын нэрийн дор ЗДТГ-ын харьяа байгууллага гэж нэмсэн. Гэхдээ үүнийг хэт задгай тавихгүйн тулд ямар байгууллагад ямар машиныг хамруулах, алслалтын байдлыг ажлын хэсэг тооцож гаргана. Тухайлбал, Төв аймгийн хувьд нийслэлээс холдсон алслалт, сумдын тоо, сумдуудтай засмал замаар холбогдсон хэмжээ, төрийн үйлчилгээ хүргэх иргэдийн тоо зэргийг харгалзан томьёолон бодож, автомашиных нь тоог гаргаж ирнэ.  Мөн төвийн бүх аймаг хамрагдаж байгаа гэж хариулав.  


Харин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж хариултдаа, Төрийн хэмнэлтийн хуулиас эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудыг хасаж өгснөөр эдгээр хүмүүсийн асуудлыг нээж өгч байгаа юм. Товчоор хэлбэл, Төрийн хэмнэлтийн хуулийн  хязгаарлалтад орохгүй, тусгай хувцас хэрэглэх асуудлыг нээлттэй болгож зохицуулсан гэж байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, хуулийн төслийн “6.5.21.нийслэлээс алслагдсан аймаг, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сум, дүүргийн  ЗДТГ" гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргахаа мэдэгдэв.


Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ