Английн шигшээгийн дасгалжуулагч авлигын хэрэгт орооцолдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-27 12:26:19

ЛОНДОН./TASS/. Их Британийн “Телеграф” сонины сэтгүүлчдийн 10 сарын турш явуулсан эрэн сурвалжлах /мөрдөн сурвалжлах/ ажиллагааны явцад Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сэм Эллардайс авлигын хэрэгт холбоотой болохыг илрүүлсэн байна.

Тус сонины сэтгүүлчид өөрсдийгөө “Азийн бизнес эрхлэгчид” гэж танилцуулаад Эллардайстай хийж буй хэлэлцээнд оролцжээ. Хэлэлцээний явцад Английн дасгалжуулагч өөрийн танил тал, нэр хүндийг ашиглан Английн клубуудын хооронд явагддаг хөлбөмбөгчдийн солилцоо наймаанаас ашиг хүртэхэд нь “Азийн бизнесменүүдэд” туслахаа амлажээ. Тэрбээр ийм туслалцаа үзүүлснийхээ хариуд 400 мянган фунт стерлинг өгөхийг хүссэн байна. Үүний тулд гуравдагч этгээдэд хөлбөмбөгчдийг солилцоогоор өгөхийг хориглосон Английн хөлбөмбөгийн холбооноос гаргасан дүрмийг “эвтэйхэн аргалж” болно гэдгийг ч мөн дуулгажээ.

"Телеграф"-ийн сэтгүүлчид эрэн сурвалжлах /мөрдөн сурвалжлах/ ажиллагааныхаа үр дүнг нийтэлсэн захидлыг Английн Хөлбөмбөгийн холбоонд илгээсэн байна. Үүний хариуд тус холбооны төлөөлөгч "уг захидлын мөрөөр мөрдөн шалгалт явуулж байгаа" гэдгийг мэдэгджээ. Захидалд дурдсанаар, Эллардайс нь Английн шигшээгийн ахлах дасгалжуулагч болохоосоо өмнө дээр дурдсан “Азийн бизнесменүүд” – тэй уулзахын тулд  Сингапур болон Хонконгт очиж байсан аж.

Эллардайс 2015 оны 10 дугаар сараас "Сандерленд" клубыг дасгалжуулж байсан бөгөөд түүний удирдсан баг Английн АШТ-нд 17 дугаар байр эзэлснээр Премьер Лигт үлдсэн байна. Тэрбээр өмнө нь "Уэст Хэм", "Блэкберн", "Ньюкасл",  "Болтон” клубуудад дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

Х.Сарнай  

Холбоотой мэдээ