АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд эрчимт эмчилгээний тасгаас гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-09 11:22:38

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 9 /CNBC/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остиныг эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа боловч сэтгэл санаа нь тавгүй хэвээр байна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер даваа гарагт мэдэгджээ. 


Түүний хэлснээр, Ллойд Остин Уолтер Ридийн нэрэмжит (Мэриленд) үндэсний эрүүл мэндийн төвд үргэлжлүүлэн эмчлүүлж байна.


АНУ-ын Батлан хамгаалахын сайд өөрийн орлогч Кэтлин Хикс, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан нартай нэгдүгээр сарын 8-нд утсаар ярьж, АНУ-ын Төв командлалын тэргүүн генерал Майкл Куриллагаас мэдээлэл авсныг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээллээ. "Сайд эмнэлгээс хэдийд гарах нь тодорхойгүй байгаа боловч тэр хүртэл бид өдөр бүр шинэ мэдээллийг өгч байх болно" гэж П.Райдер хэлжээ.


Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Л.Остиныг огцруулах бодолгүй байгаа, гэхдээ сайд эмнэлэгт хүргэгдсэн талаар Пентагон цаг тухайд нь мэдэгдээгүй учраас засаг захиргаанаас шалгалт хийнэ гэжээ. 


Л.Остин 12 дугаар сарын 22-нд мэс засал хийлгэсний дараа бие нь муудсан тул нэгдүгээр сарын 1-нд Уолтер Ридийн цэргийн эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ. Тэрбээр эрүүл мэндийн байдлынхаа талаар Цагаан ордонд гурван өдрийн турш мэдээлээгүй байна.



Холбоотой мэдээ