DEET пестицид үр хөврөлийн эс дэх генийн үйл ажиллагааг алдагдуулдаг болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-01-08 14:56:54

МАССАЧУСЕТС, 2024 оны нэгдүгээр сарын 8 /TASS/. Америкийн молекулын биологичид шумуултай тэмцэхэд ашигладаг DEET гэдэг пестицид нь үр хөврөлийн эсийн цөмд нэвтэрч, удамшлын мэдээлэл хадгалагдах үйл явцад доголдол үүсгэдэг болохыг тогтоожээ. Улмаар эдгээр эс олноороо үхэж, эс хуваагдах явцад гажиг үүсдэг тухай Харвардын Анагаах ухааны сургуулийн (HMS) хэвлэлийн алба мэдээлэв.


"DEET нь үр хөврөлийн эсийн хуваагдлын нэг хэлбэр болох мейозод сөргөөр нөлөөлдөг болохыг бид анх удаа илрүүллээ. Уг бодис үр хөврөлийн эсүүд дэх олон тооны генийн үйл ажиллагааны шинж чанарыг ихээхэн өөрчилдөг бөгөөд энэ нь исэлдэлтийн стрессийн түвшин ихэссэнтэй төдийгүй хромосомын уургийн "сав баглаа боодол" гэгддэг хроматины бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой" гэж HMS-ийн профессор Моника Колаяково ярилаа.


Колаяково болон түүний багийнхан дээрх нээлтийг химийн янз бүрийн бодисууд мейозод хэрхэн нөлөөлдгийг судлах томоохон төслийн хүрээнд хийжээ. Үр хөврөлийн эсийн хуваагдлын нэг хэлбэрийг эрдэмтэд мейоз гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өндгөн эс хоёр хуваагдах үйл явц бөгөөд хуваагдсан эсүүд тус бүр нь хромосомын давхар багц биш харин ганц багцтай байдаг ажээ.


Биологичид төрөл бүрийн химийн бодис, байгалийн бодисууд нь “Caenorhabditis elegans” төрөл зүйлийн нематод хорхойн бие дотор ургаж буй үр хөврөлийн эсийн мейозод хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Эдгээр туршилтын явцад сээр нуруугүй энэ амьтдын амьдрах орчинд DEET пестицидийн тун маш бага байсан ч гэсэн мейозод ноцтой доголдол үүсэхэд хүргэж, улмаар үр хөврөлийн эсүүд олноор үхэж, нематодын өндөг, авгалдайн хөгжил дэх гажиг нэмэгдэхэд нөлөөлсөн болохыг тогтоожээ.


Энэхүү нээлт нь судлаачдыг DEET бодис нь өтний эсэд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судлахад хүргэсэн байна. Улмаар эрдэмтэд пестицидийн янз бүрийн тун нь эсийн амин чухал үйл ажиллагааг хэрхэн өөрчилж байгааг, мөн янз бүрийн эсийн тогтолцооны үйл ажиллагаанд гарч байгаа бүх өөрчлөлтийг судалсан байна. Гэтэл DEET-ийн агууламж нэг миллилитрт 0.067 микрограммд хүрэх үед нематодын үр хөврөлийн эсүүд олон тооны генийг зөв "уншихаа" больж байсан нь тогтоогджээ.


Эдгээр доголдол нь үр хөврөлийн эсийн цөм доторх янз бүрийн түрэмгий молекулуудын идэвхжил нэмэгдэж, хромосомын ДНХ-ийн "намотан" буюу уургийн “каркас”  болох хроматины бүтэц алдагдсантай холбоотой гэдгийг эрдэмтэд онцолж байна. Хроматины бүтцэд гарсан өөрчлөлт нь ДНХ-ийн давхар мушгиад тасалдал үүсэхэд нөлөөлсөн бөгөөд эс хуваагдах явцад хромосомын хөдөлгөөн, харилцан үйлчлэлд саад учруулсан нь тэдгээрийг олноороо үхэх, өсөлт хөгжилд нь алдаа гарахад хүргэж байна гэж судлаачид дүгнэжээ.


DEET бодисын тухай

DEET нь XX зууны дунд үед АНУ-ын армийн захиалгаар цэргүүдийг цус сорогч сээр нуруугүй амьтдаас хамгаалах зорилгоор бүтээсэн анхилуун үнэрт органик бодисын нэгдэл юм. Шумуул болон бусад шавжид нөлөөлөх механизм нь тодорхойгүй байгаа боловч DEET нь эдгээр амьтны үнэрлэх рецепторуудын үйл ажиллагааг хааж, уг бодисыг түрхсэн арьсанд хүрэх үед таагүй мэдрэмж төрүүлдэг гэж эрдэмтэд үздэг байна.

Холбоотой мэдээ