ХОВД: Цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-02 11:56:00

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. 


Харин бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм.


 Одоогоор нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.


2024 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ сарын 3-нд Алтайн салбар уулсаар болон Алтай өвөр говиор бага зэргийн цас орно.

Энэ сарын 3, 4-нд ихэнх нутгаар салхи секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд Алтайн өвөр говиор болон Алтайн салбар уулсаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна. Бусад нутгаар  шөнөдөө -20-25 градус хүйтэн, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.


Энэ сарын 4-ний өдрөөс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг нэмэгдэх магадлалтай гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Сонирхуулахад, цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.


Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 градусаас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл секундэд 7-12 метр бол модны бүдүүн мөчир савлана, шинэ орсон цас хийсэж эхэлнэ.


Салхины хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.

Салхины хурд секундэд 18-20 метр бол мод савалж мөчир хугарна.

Салхины хурд секундэд 26-28 метр болоход барилга байгууламж гэмтэж эхэлнэ.

Салхины хурд секундэд 30-32 метрт  их сүйтгэл учруулна. Мод үндсээрээ ховхордог аж. 

 

Холбоотой мэдээ