Төсвөөс санхүүжүүлсэн геологийн судалгааны хэрэгжилтэд аудит хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-19 17:25:23

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2024 онд гүйцэтгэх аудитын үйл ажиллагааг сэтгүүлчдэд танилцуулав.


Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэгийн мэдээлснээр ирэх онд ҮАГ:

  • Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөө,
  • Нийгмийн даатгалын тогтолцоо, түүний үр нөлөө,
  • Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүн,
  • Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн,
  • Засгийн газраас хог хаягдлын талаар баримталж буй Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөө зэрэгт аудит хийнэ.

Үйл ажиллагааны хүрээнд төрийн аудитын үйл ажиллагаа, тодорхой үе шатанд иргэдийн оролцоог хангах, ийм тогтолцоог бүрдүүлэх стратеги барьж ажиллахаар болж буйг мэдээллээ. Энэ үүднээс төрийн аудитын үйл ажиллагаа, түүний ач холбогдол, үр дүнг нийгэм, олон нийтэд түгээх арга зүйг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгаа аж. Аудитын сэдэв сонгоход иргэд олон нийтийн саналыг авч, харгалзан үздэг болох юм байна.


Манай улсад дотоодын аудитын эрх зүй үгүйлэгдэж, аудитын байгууллага боловсон хүчнээр дутагдаж байна.


Уулзалтын үеэр ҮАГ-аас төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх гүйцэтгэлийн болон нийслэлийн төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, аудитын тайлангаас сэтгүүлчдэд танилцуулсан юм.


Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгээс танилцуулахад төмөр замын төслүүдийг цогц байдлаар төлөвлөх шаардлагатай, мөн ойрын хугацаанд ТЭЗҮ-д заасан үр ашгаа өгөх, хил дамжуулан суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжийг судлах талаар гүйцэтгэлийн аудитын тайланд дурджээ.


Манай улсад Үндэсний аудитын газраас:

  • Санхүүгийн тайлангийн,
  • Гүйцэтгэлийн аудитын,
  • Нийцлийн гэсэн гурван төрлийн аудитыг хэрэгжүүлдэг байна.

Тэгвэл БНХАУ зэрэг гадаадын орнуудад хариуцлагын тайлангийн аудитыг гүйцэтгэн хэрэгжүүлдэг аж. 


Холбоотой мэдээ