СЭЛЭНГЭ: Ахмадын хорооны дарга Ц.Р.Очировыг "Алтан од" шагналаар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-18 12:16:06

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол-Орос хоёр орны хөрш аймгуудын ахмадуудын найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Ахмадын холбооны дээд шагнал "Алтан од" шагналаар ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагтын районы ахмадын хорооны дарга Ц.Р.Очировыг шагнажээ.

 

Шагналыг Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарын нэрийн өмнөөс Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг Хиагт хотноо болсон уулзалтын үеэр гардуулан өгсөн байна.

 

Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос хөрш ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагтын районы ахмадын байгууллагатай хамтарсан уулзалтыг Хиагт хотноо энэ сарын 12-ны өдөр зохион байгуулжээ.

 

Уулзалтын хүрээнд хөрш хоёр аймгийн Ахмадын байгууллагаас өнгөрсөн онд хамтарч зохион байгуулсан ажлуудаа дүгнэж, 2024 онд хийх ажлаа хэлэлцсэн байна.

 

Хоёр тал харилцан төлөвлөсөн ажлуудаа 2024 оны эхний сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох уулзалтаараа гэрээ байгуулан гарын үсэг зурж, баталгаажуулах аж.

 

Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг хоёр улсын ахмадын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүргээ бид цаашид улам идэвхжүүлэн ажиллах болно гэв.

 

Хиагтын районы Ахмадын хорооны дарга Ц.Р.Очиров бидний хамтын ажиллагаа хэсэгтээ зөвхөн хил орчмын ахмадуудын хэмжээнд байлаа. Харин ирэх онд Сэлэнгэ аймгийн бүх сум тосгонтой, Хиагтын районы 17 засаг захиргааны төвүүдийн Ахмадын байгууллагууд харилцан хамтын ажиллагаатай болно.

 

Цаашид Монгол Улсын төвийн бүсийн аймгуудын Ахмадын байгууллагатай харилцаа холбоогоо өргөжүүлж, элэг нэгтэй эртний андууд бид харилцан чаддаг, мэддэг бүхнээ залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх нь чухал байна хэмээв.

 

Уулзалтын үеэр Алтанбулаг сумын Ахмадын хорооны дарга П.Буян-Эрдэнэ, Хиагт хотын ахмадын дарга Т.Райса нарын зүгээс энэхүү уулзалтыг зөвхөн ахмадын байгууллага гэлтгүй эгэл жирийн ахмадуудын дунд цомхон хэлбэрээр олон давтамжтай хийж байх саналыг дэвшүүлсэн нь дэмжигдэж, цаашдын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ