“Улаанбаатар” олон улсын кино наадмыг “Элэг нэгтэн” киногоор нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-07 11:33:41

Монголын кино урлагийн салбарын хөгжлийг олон нийтэд таниулах, олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдэд сурталчлах зорилготой долоо дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдөр эхэллээ.

Тус наадмыг БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-тай хамтран Монголын Кино Урлагийн Зөвлөл /МОКУЗ/-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн наадмыг Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны  50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Наадмын үеэр дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орны 9, Монголын 6 кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм.  

Энэхүү наадам нь өнөөдөр найруулагч Ш.Доржсүрэнгийн “Элэг нэгтэн” киногоор нээлтээ хийнэ. Тус кинонд Азийн шилдэг жүжигчид тоглосон бөгөөд англи хэлээр бүтсэн анхны монгол кино юм.  Харин монголын үзэгчддээ зориулан ам барин орчуулга хийжээ.

Монгол кино хөтөлбөрт найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, зохиолч, найруулагч Л.Номингийн “Хүрд” баримтат кино, найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн “Аав”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Босуул” зэрэг бүрэн хэмжээний бүтээлийг энэ сарын 9-ний өдөр олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.

Олон улсын кино хөтөлбөрийн хүрээнд 2014, 2015 онд Канн, Берлин, Торонто олон улсын кино наадмын дээд болон тусгай шагнал хүртсэн бүтээлүүдийг энэ сарын 09-11-нд  толилуулна.

Наадмын хүрээнд гарах киноны тасалбарыг Тэнгис кино театрын кассаар дөрвөн мянган төгрөгөөр худалдаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд