Х.Нямбаатар: Агаар, орчны бохирдлыг багасгах шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-11 14:43:13

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаач, төрийн болон ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийн талаар санал солилцлоо.


Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Агаар, орчин, хөрсний бохирдол, хог хаягдал зэрэг тулгамдаж буй асуудлын эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах. Ингэхдээ нийслэлд зургаан дэд төв байгуулж, газар чөлөөлөн, эхний ээлжид 2024 онд Сэлбэ, Баянхошуу дэд төвд 18 мянган айлын орон сууц барина. Нийслэлд бүртгэлтэй 720 мянган автомашины тоог нэмэхгүй. Богино хугацаандаа агаарын чанарыг сайжруулах, бүсийн яндангийн тоог бууруулахаар 20 мянган цахилгаан халаагуурын тендер зарлана. Цаашид эрчим хүчний чадлыг нэмбэл 100 мянган айлыг ч цахилгаан халаагуурт шилжүүлэх боломжтой. Энэ мэтчилэн тус хуулиар нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэл, агаар, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” хэмээв.


Уулзалтад оролцсон төлөөллүүд агаар, орчны бохирдлыг бууруулж, байгаль орчныг хамгаалахын тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгож, гадаадын зээл тусламжид хамруулах, цахилгаан машины хэрэглээг дэмжих, нүхэн жорлонг үгүй болгох, хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импорт, гаалийн татвараас чөлөөлөх, иргэдэд хог хаягдлын талаарх боловсрол олгох, үүнийг хууль журамд тусгах, иргэдийн оролцоог нэмэх, ус, хөрс, агаарын бохирдлын судалгааны дүнг нэгтгэсэн сантай байж, эх сурвалж болгох зэрэг саналыг дэвшүүлсэн байна. Эдгээр саналтай холбоотой хэрэгжиж буй ажлын талаар мэдээлж, хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаанд тусгахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нар илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ