Төв Гандан Зулын 25-наар хөл хөдөлгөөн ихтэй байлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 25, Зулын 25 буюу Богд Зонхова ламын их дүйчэн өдөр тохиож байна.
Энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд нэг өдрийн айлтгал хийж, адис хүртээсэн юм. Хэдийгээр ажлын өдөр ч гэлээ төв Гандан сүсэнгтэн олны хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сурвалжилга бэлтгэлээ.
Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр бурхан шашныг үндэслэгч Богд Зонхов нь зургадугаар жарны “Алан унжлага” хэмээх гал тахиа жил 1357 оны өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн 1419 оны аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсжээ. Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.
Монголчууд эрт дээр үеэс бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоол, ухааныг мунхруулагч архийг хорьж, цагаан ногоон хоол идэж, өглөг буянд шамддаг уламжлалтай. Дүйчэн гэдэг нь “Их цаг” гэсэн утгатай бөгөөд энэ их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг. Харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж, үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.
Тэр утгаараа Гандантэгчэнлин хийдэд бурхны номын дуу сонсож, шинэ хамбаас адис авах гэсэн иргэд олноороо цувж байлаа. Төв Гандангийн хашаанд машин нь багталцахгүй, Их дуган буюу Батцагаан цогчэн, Жанрайсагийн дуган сүсэгтнүүдийн хөлд дарагдсан байв. Д.Жавзандорж хамба санваар хүртээх тул хүмүүс эрт ирж суудлаа эзэлсэн нь энэ аж. Иргэн Д.Лхагважав “Гадаа сайхан дулаахан өдөр байна. Би ч ээжийн амралттай байж таарлаа. Ээж маань өчигдөр хөдөөнөөс зорин ирсэн юм. Тэгээд гэр бүлээрээ ирсэн нь минь энэ. 11:00 цагт ирсэн. Эрт ирснийх Гандан хийдийг бүтэн тойрлоо. Жанрайсагтаа мөргөлөө. Одоо эртхэн суудлаа эзлэхгүй бол цаг нь дөхөөд ирвэл олдохгүй шинжтэй. Энэ өдөр буян үйлдвэл түм бумаар арвиждаг нигууртай юм. Тиймээс аль болох буян үйлдэж, хэрүүл тэмцлээс зайлсхийн, мууг тэвчээрэй гэж хэлмээр байна” гэв.
Гадаа дулаахан байсан болоод тэр үү иргэдийн сэтгэл санаа ч тайван байх шиг. "Хүн тэргүүтэй эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ. Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйл бодохыг л хэлнэ" хэмээн бурхны номонд заасан байдаг.
Тиймээс Гандан хийд ийн олны хөлд дарагдсан аж. Найман настай балчираас 80 настай буурлууд буян номын хуралд суухаар Гандангийн зүг хөвөрнө. Иргэд буян номын мөр хөөж байгаа нь цугласан олноос илт харагдана. Сүсэгтэн олон Ганданд олноор цугласан шалтгаан бол хамба Д.Жавзандоржийн айлдварыг сонсох юм. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, XXX хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ удаа “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлан айлдаж, “Богд Зонховын даган соёрхол” хүртээсэн юм. Мөн Их хөлгөний нэг өдрийн тэтгэн ариусгах санваарыг хүртээлээ.
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал, уул уурхай, газар шорооны төлөөх тэмцэл гээд нийгмийн бухимдал, стресс дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед ганц өдөр ч болов сэтгэл санаагаа ариун байлгаж, буян номын үйлд оролцох нь иргэдийн сэтгэлийг жаахан ч болов уярааж байгаа харагдсан. Шашин гэдэг ард иргэдийг удирдан залахад улс төрөөс дутахааргүй нөлөөлдөг гэдгийг ч мэдрэх шиг. Хүн юу төсөөлнө түүндээ хүрдэг учраас бие сэтгэлдээ сайхан бүхнийг бодож аз жаргалтай, баяр баясгалантай бусдын тусын тулд бурхны шашин шүтэх учиртай гэнэ билээ.