Б.Инжинааш: Гэрэл зураг өөрөө ярьдаг байгаасай гэж хүсдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-12-07 10:41:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Street Photography Exhibition” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд энэ сарын 6-нд нээлээ.  


Энэхүү үзэсгэлэнг Сүүдэр маркетингийн агентлагийн дэргэдэх Pixels нэгдэл, Leica брэнд болон “Гудам” фото клуб хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тус үзэсгэлэн гэрэл зурагт хамаарах баялаг сэдэв, төрлүүдээс гудамжны гэрэл зургийг сонгон алдаршуулах зорилготой юм. Түүнчлэн, гэрэл зурагт хайртай залуу үеэ дэмжих, гэрэл зургийн хөгжилд хувь нэмрээ оруулах цаашдын олон үйл ажиллагааны эхлэл нь гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.


Сүүдэр агентлагийн гүйцэтгэх захирал, зохион байгуулагч Т.Мөнхдэлгэр хэлэхдээ, “Гудамжны гэрэл зураг нь баримтат гэрэл зургийн нэг төрөл юм. Хүмүүс гэрэл зургийг нэг дээвэр дор ойлгодог. Гэрэл зураг дотроо арт, арилжаа, сурвалжилга гээд олон төрөлтэй. Тиймээс баримтат гэрэл зургийг алдаршуулах, сурталчлах, таниулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Баримтат гэрэл зургийн "Ц.Батзориг" сангийн дэмжлэгээр байгуулагдсан “Гудам” фото клуб 27 гэрэл зурагчинтай. Клубийн эдгээр гишүүн энэ зун 16 долоо хоногийн турш нийт 8 төрлөөр зураг авсан. Тэрхүү зургаас 1000 зураг сонгон, Австралийн Мельбурн хотын Технологийн их сургуулийн мэргэжилтнүүдээр кураторлуулж, 100 зураг сонгон энэхүү үзэсгэлэнд толилуулж байна” гэв.


Гэрэл зурагчин Б.Инжинааш, “2004 оноос Швейцарын хөгжлийн агентлаг, Хүүхдийг ивээх сан, Монголын Урлагийн зөвлөлийн санаачилгаар хэрэгжүүлсэн Focus&Kids” гэрэл зургийн төслийн хальсны гэрэл зургийн дугуйланд суралцаж төгссөн. 2007 оноос “Гамма” агентлагт гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан. Одоогоор чөлөөт уран бүтээлч. Баримтат гэрэл зураг авдаг. Гудамжны гэрэл зураг бол баримтат гэрэл зургийн салшгүй нэг хэсэг юм. Гэрэл зураг ямар ч тайлбаргүйгээр, өөрөө ярьдаг байгаасай гэж хүсдэг. Тийм зураг авахыг хүсдэг. Гэрэл зургийг харахад ойлгогддог, уншигддаг, зураг нь өөрөө ярьдаг зурагт дуртай. Энэхүү үзэсгэлэнд таван зургийг маань сонгосон байна” гэв.


Энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн өдрүүдэд Leica брэндийн төлөөлөгчид, Олон улсын пресс гэрэл зурагчин Максим Мармур зэрэг хүмүүс урилгаар зочлох аж. Мөн “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Элбэгзаяагийн чөлөөт ярилцлага, Максим Мармурын гэрэл зургийн workshop зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ гэрэл зургийн хэлэлцүүлэг, Leica брэндийн нэрэмжит тэмцээний зарлал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 









Холбоотой мэдээ