ДУНДГОВЬ: Өрхийн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх жишиг төвтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-06 15:57:59
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн засвар, өргөтгөлийн ажил дуусч, нээлтээ хийлээ. 



Өрхийн ЭМТ-ийн барилгын өргөтгөл болох хоёр давхар барилгыг аймгийн ОНХС-ийн 960,6 сая төгрөгийн санхүүжилтээр барьж, хуучин барилгын дээвэр болон дотор талыг Орон нутгийн төсвийн хөрөнгө болон тус ЭМТ-ийн нөөц бололцоонд тулгуурлан засаж тохижуулсан байна. 


2022 онд тус ЭМТ-ийн үйлчилгээг сайжруулах төсөл Японы хүүхдийг ивээх сангийн МАСАМ-2 төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж, төслийн хүрээнд иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар тус төвийн барилгын багтаамж бага, иргэдэд үйлчлэхэд бэрхшээлтэй байгааг тодорхойлон гаргажээ.


Тиймээс иргэд дээрх асуудлыг ОНХС-ийн 2023 оны төлөвлөлтөд оруулах санал хүргүүлснээр дэмжигдэж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг ийнхүү стандартын шаардлагад нийцсэн тохилог, тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрдсэн байна.


“Өлзийт мандал” Өрхийн эрүүл мэндийн төв Сайнцагаан сумын гурван багийн 6494, түр оршин суугч 2000 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг.


Тус төвийн дарга Т.Урангоо нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Манай Эрүүл мэндийн төвийн хувьд байр, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машин, хүний нөөц дутагдалтай зэрэг асуудал тулгамдаж байсан бол МАСАМ-2 төслийн үр дүн, үр нөлөөгөөр аймгийн ОНХС болон Сайнцагаан сумын ОНХС-ийн хөрөнгөөр эмнэлгийн барилгын өргөтгөл барьж, хуучин өрөө, байрыг засаж тохижуулан, эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэний машинтай болсноор жишиг Эрүүл мэндийн төвийн хэмжээнд хүрч чадлаа. Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Өрхийн эрүүл мэндийн төвийн тогтмол зардлуудыг санхүүжүүлэх шийдвэр гаргаснаар түүний үр дүнд орон тоогоо нэмэгдүүлж, манай эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний хүртээмж урд онуудаас 15-20 хувиар нэмэгдсэн” гэлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БОХААХҮБХ-ны дарга Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон холбогдох албаны хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтан, иргэдийн төлөөлөл, МАСАМ-2 төслийг орон нутагт хэрэгжүүлсэн багийн төлөөлөл оролцсон байна. 




















Холбоотой мэдээ