ӨВӨРХАНГАЙ: Хоёр жил тасарсан Тэмээчдийн баярыг дахин сэргээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-05 15:54:48

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг өвлийн улиралд хоёр томоохон эвент үйл ажиллагааг зохион байгуулдаг. Түүний нэг нь “Тэмээний баяр” юм.  


Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв болсон тэмээн сүргээрээ бахархах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үүлдэр, ашиг шим, чанарыг сайжруулах, тэмээчдийн залуу халааг бэлдэж, алдаршуулах зорилгоор “Тэмээний баяр-2023” улсын уралдааныг 12 дугаар сарын 1-ний өдөр Арвайхээр хотод зохион байгууллаа.  


Ковидын цар тахал, халдварын улмаас сүүлийн хоёр жил тасарсан тус үйл ажиллагаа энэ жил өргөн дэлгэр болж, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгаас 200 орчим тэмээчин 200 гаруй тэмээтэй оролцсон юм. Энэ үеэр атан тэмээ, тайлаг, торомны уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх болон буухиа тэмцээн, 4х500 метрийн богино зайн уралдааныг явуулж, “Тэмээтэй сайхан хос”, “Шилмэл буур”, “Шилмэл ингэ”-ийг шалгаруулав.


ГУРВАН НАСНЫ ТЭМЭЭНИЙ УРАЛДААН БОЛЛОО

Тэмээний баярыг уралдаангүйгээр төсөөлшгүй. Арабын уламжлалт спорт болох тэмээн уралдаан сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрчимтэй хөгжиж байна. 2016 онд Өмнөговь аймагт 1108 тэмээг уралдуулж, Гиннесийн түүхэн амжилтыг гаргаснаар Азийн Тэмээн уралдааны холбоо болон Олон улсын Тэмээн уралдааны холбоог үүсгэн байгуулагч орны нэг болсон юм. Тэмээг богино гүйлтээр 65 км/ц хурдлах чадвартай гэж үздэг. 


Өвөрхангай аймагт зохиогдсон "Тэмээний баяр-2023" улсын уралдаанаар гурван насны тэмээг уралдууллаа. Атан тэмээний уралдаанд Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, аймгийн алдарт уяач М.Мөнхбаянгийн шар ат, тайлагийн уралдаанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын алдарт уяач Б.Сайнбаярын бор тайлаг, хурдан торомны уралдаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уяач С.Энх-Одын улаан тором тус тус түрүү магнайд хурдлав.




                                              ШИЛМЭЛ ТЭМЭЭ, САЙХАН ХОСЫГ ШАЛГАРУУЛЛАА

Монгол тэмээ нь булчинлаг, сэрвээ урт, цээж гүн өргөн, бөх өндөр уужим, хавирга матаас сайтай, хөл шулуун чийрэг, ул тавхай өргөн, сайр ихтэй байдаг.  Монгол тэмээг Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Төхөм тунгалагийн хүрэм гэхчлэн үүлдрээр нь ангилна. 


Тэмээний баяраар шилмэл ингэ, буурыг тодруулахаас гадна тэмээтэй сайхан хосыг шалгаруулдаг уламжлалтай. “Шилмэл буур”-ны төрөлд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын тэмээчин Ж.Баттөмөрийн улаан хүрэн буур, “Шилмэл ингэ”-ээр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын тэмээчин Н.Бямбадоржийн улаан ингэ, “Сайхан хос-оор Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар багийн иргэн Ж.Цэдэндамба, Б.Чонцолгялбий нар тус тус шалгарлаа.


                                                          ТЭМЭЭН ДЭЭРЭЭС ШАГАЙ ШҮҮРЭВ

"Тэнгэрийн амтан" гэгдэх тэмээн дээрээс шагай шүүрэх амаргүй. Чухамхүү тэмээг унаж, эдэлж сурсан тэнгэрлэг эрчүүд л энэ спортоор өрсөлдөнө. Энэ удаагийн баяраар шагай шүүрэх тэмцээнд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын тэмээчин Д.Бат-Оюу тэргүүн байранд шалгарч, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын тэмээчин Б.Түвшинтөр, тус сумын харьяат У.Оргил-Эрдэнэ нар удааллаа. 


Мөн 4х500 өртөөчилсөн буухиа тэмцээнд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баяндалай баг, Багийн буухиа тэмцээнд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хоёрдугаар баг тус тус тэргүүн байрыг эзэлсэн юм. 


                                                  ӨВӨРХАНГАЙ АЙМАГ 29 МЯНГАН ТЭМЭЭТЭЙ

Дэлхий нийтэд ердөө 9.6 хувь байдаг хос бөхт тэмээний өлгий нутаг гэдгээрээ Монгол орон тэмээ судлаачдын анхаарлын төвд байдаг. Тиймээс нэн ховор хоёр бөхт тэмээнийхээ удмын санг хадгалан хамгаалах, өсгөн үржүүлэх нь манай улсын дэлхий дахины өмнө хүлээх үүрэг хариуцлага болж байна.


Улс, бүс, аймгийн хэмжээнд “Тэмээний баяр”-ыг тогтмол зохион байгуулах нь тэмээгээ сурталчилж, уламжлалт зан үйл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж буй төрийн бодлого юм. Цаашид “Тэмээний баяр”-ыг илүү өргөн хүрээнд олон аймгийг хамруулан зохион байгуулж, тэмээчдээ ч онцгой анхаардаг болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. 2022 оны байдлаар улсын хэмжээнд 470 мянга гаруй тэмээ тоологдсон. Өвөрхангай аймаг 29 мянган тэмээтэйгээс 11 мянга нь хээлтэгч ингэ байна.


                                                 МОНГОЛЫН ХООЛОЙН ТЭМЭЭГ ОМОГ БОЛГОНО

Тэмээний гол идэш, тэжээл болох заг, дэрс, харгана бударгана зэрэг бутлаг ургамлаар баялаг, зуны цагт ус цэлэлзэж, өвлийн улиралд цас хунгарлаж, хүн малыг амны усаар үл таслах “Монголын хоолой” хэмээх нутагт Өвөрхангайн ихэнх тэмээчид дөрвөн цагийн эргэлтэд тааваараа нүүдэллэдэг. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Монголын хоолойн тэмээнд 2015 оноос эхлэн үзлэг, ангилалт хийж байгаа юм. Учир нь энэ хавийн тэмээд биеийн хөгжил, үржил сайтай, мах, сүү, ноосны ашиг шим арвин, байгаль, цаг агаарын хатууд дасан зохицох чадвартай аж.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Монголын хоолойн тэмээн сүргийн генетик тогтцыг тодорхойлж, дүгнэлтийг гарган “Омог” болгон батлахаар ажиллаж байна.





Холбоотой мэдээ