JAXA-гийн компьютерын систем хакерын халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-29 12:54:12

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /NHK/. Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ компьютерын системд хакерууд нэвтэрсэн талаар тус агентлаг мэдэгджээ. Улмаар ажилтнууд болон бусад хүмүүсийн хувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй хэмээн үзэж байна.


JAXA болон Японы Шинжлэх ухаан, технологийн яамны зүгээс, халдлагад өртсөн сервер нь пуужин болон хиймэл дагуулын ажиллагааг хянадаг сүлжээнээс тусдаа болохыг мэдэгджээ. Ийм учраас пуужингийн талаарх мэдээлэл гэх мэт нууц мэдээллүүд задарсан байх магадлал бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


JAXA-гийн ажилтнууд кибер халдлагын талаар гадны өөр байгууллагаас мэдсэн бөгөөд зарим мэдээлэл алдагдсан байж болзошгүй байгаа ажээ. Эх сурвалжуудын ярьснаар, халдлагад өртсөн серверт JAXA-гийн удирдлагууд, ажилтнууд, түр ажилтнуудын хувийн мэдээлэл бүхий 5000 гаруй файл хадгалагддаг байна.


JAXA болон холбогдох байгууллагууд хохирлын хэмжээ, халдлага үйлдэхэд ашигласан аргуудыг судалж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс халдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Тус агентлаг мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашид ийм халдлага гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох арга хэмжээнүүдийг авахаа мэдэгджээ.



Холбоотой мэдээ