160 сая километрийн зайнаас лазераар дамжуулсан өгөгдлийг хүлээн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 25. /daily mail/. Дэлхийгээс 160 сая км-ийн алсад аялж буй “Psyche” сансрын аппаратаас лазераар дамжуулсан өгөгдлийг хүлээн авснаа АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, өгөгдлийг Дэлхийгээс Сар хүртэлх зайнаас дөрөв дахин хол зайд лазераар дамжуулжээ. Энэхүү шинэ технологийг ашиглан хэзээ нэгэн цагт сансрын нисгэгчид ийм зайнаас Дэлхий рүү видео дуудлага хийх боломжтой сүлжээг бий болгоно хэмээн НАСА-гийн мэргэжилтнүүд найдаж байна.
Энэ нь сансар огторгуйн гүнд лазер оптик холбооны системийг (DSOC) туршсан анхны тохиолдол юм. Мөн Сар хүртэлх зайнаас хамаагүй хол зайд өгөгдөл дамжуулахад анх удаа лазерыг ашиглалаа.
Дэлхий дээр ашигладаг шилэн кабелийн сүлжээтэй адил харилцаа холбооны сүлжээг сансарт бий болгохын тулд дээрх технологийг нэвтрүүлэхээр НАСА төлөвлөж байгаа ажээ.
DSOC системийг Ангараг, Бархасбадь гаргуудын хооронд орших “16 Psyche” астероид руу аялж буй “Psyche” сансрын аппаратын хамт сансарт илгээсэн байна. Уг аппарат 3.5 тэрбум км замыг зургаан жилийн хугацаанд туулан металлаар баялаг уг солирын бүсэд байрлах юм.
“Psyche” аяллынхаа замд Ангараг гаргийг бүтэн тойрон нисэх бөгөөд ирээдүйд Улаан нүдэн гараг руу нисэх сансрын нисгэгчид Дэлхийтэй холбоо тогтооход лазерыг ашиглах боломжтой эсэхийг тодорхойлох ажээ.