Тамхи татах нь ДНХ-д нөлөөлдөг

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.mn
2016-09-22 15:11:17

ВАШИНГТОН. /VOA/. Тамхи татах нь хүний ДНХ-г гэмтээдэг болохыг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ.

Харвардын Анагаах ухааны сургуулийн дэргэдэх Насжилт судлалын “Hebrew SeniorLife” хүрээлэнгийн эрдэмтдийн хэлснээр, тамхи татах нь ДНХ-д урт хугацаанд ул мөрөө үлдээдэг байна.

"Тамхи татах нь хүний биеийн молекулын бүтцэд урт хугацаанд нөлөөлдөг, бүр тодруулбал энэ нөлөө нь 30 гаруй жил үргэлжлэх боломжтойг бид тогтоосон" гэж судалгааг бичсэн Роби Иоханес ярилаа. Тэрбээр хэлэхдээ, тамхи татахаа больсноос таван жилийн дараа ДНХ-ийн метилжилтийн дохионы ихэнх нь сэргэж, хэзээ ч тамхи татаж байгаагүй хүнийхтэй адил түвшинд очдог байна. Энэ нь таны бие тамхинаас үүдэлтэй хорт нөлөөг саармагжуулахаар оролдож байна гэсэн үг юм" гэв.

Зүрхний өвчин, хавдар зэрэг эмгэгүүд нь зарим тохиолдолд ДНХ-гийн гэмтлээс үүсдэг байна.

16 мянган хүнээс цусны дээж авч дээрх судалгаанд ашиглажээ. Тамхинаас гараад таван жил болж байгаа хүмүүсийн ДНХ-гийн гэмтэл аажимдаа арилж байсан бол зарим тохиолдолд гэмтэл эдгэрэхгүй үлдсэн байжээ.

ДНХ-ийн үйл ажиллагааг өөрчилж, хавдар болон бусад өвчнийг үүсгэдэг метилжилтийн үйл явцын үр дагавраар ДНХ-д гэмтэл үүсдэг байна. Судалгаанд оролцсон тамхи татдаг хүмүүсийн генийн 7000 гаруйд нь буюу хүнд байдаг нийт генийн гуравны нэгд өөрчлөлт орсныг эрдэмтэд тогтоосон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ